Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн гурван сараас хойш гарсан тохиолдлуудаас 50 сорьц Япон руу явуулсан. Вируст ямар өөрчлөлт гарсныг тодорхойлно"

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн мутацид орсон хувилбар болон хийгдэж буй судалгаа шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирусийн мутацилагдсан хувилбартай холбоотой асуудлыг хэд, хэдэн чиглэлээр судалгаа хийж байна. Япон болон БНСУ руу Монгол Улсад тархаад байгаа тохиолдлуудаас тодорхой тооны сорьцуудыг явуулсан. Япон улсад хийсэн генийн дарааллыг тогтоох 20 сорьцод мутацийн хэлбэрүүд гарсан. Их Британи, Өмнөд Африк, Энэтхэг мутаци гэхээсээ илүү аль ч улсад вирусд хувьсал өөрчлөлт байнга ордог. Судалгаа хийгдсэн эдгээр 20 сорьцод анх Уханьд гарч байсан вирусийн хэлбэрээсээ нэлээн өөр өөрчлөлт гарч байгаа тухай нэг сар гаруйн өмнө олон нийтэд танилцуулж байсан. Үүнээс хойш мутаци үргэлжлээд явж байгаа. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд байна. Тухайлбал, вакцинжуулалтад хамрагдалт, тохиолдлын тоо ихсэх тусмаа нэг хүнээс нөгөөд дамжих үед вирус улам хувирал өөрчлөлтөд ордог зүй тогтолтой. 

Генийн дарааллыг судлах шинжилгээг өргөн дэлгэр хийх боломжгүй учраас сүүлийн гурван сараас хойш гарсан тохиолдлуудаас 50 сорьцыг тавдугаар сарын 26-нд Япон улс руу чартер нислэгээр явуулсан. Одоо хариуг хүлээж, гурван сараас хойших энэ тохиолдлуудад ямар хувьсал, өөрчлөлт гарсныг тодорхойлох судалгаанууд хийгдэж байгаа. Манай улсад энэ шинжилгээг хийхээр төлөвлөж буй ч цаг хугацааны хувьд хоцорч байна. ДЭМБ-ын санхүүжилтээр энэ үйл ажиллагаа хийгдэж байгаа.

Бид өнөөдрийн байдлаар PCR-т суурилсан зарим мутацийн хэлбэрийг илрүүлэх шинжилгээ судалгааг хийж байна. Өмнө нь танилцуулж байсан Их Британи хувилбарууд илэрч байгаа. Гэхдээ Япон улсад хийгдсэн 20 сорьцод Их Британи хувилбарт байдаг нэг генийн мутаци давхар илэрч байгаа.

PCR-т суурилсан шинжилгээгээр Их Британи хувилбар Монгол Улсад тархсан гэж хэлж болохгүй.

Өөрөөр хэлбэл SARS-CoV-2 (P681H) гэдэг мутаци монгол хүнд ч, Их Британи хувилбарт ч байгаа. PCR шинжилгээ хийхэд эерэг гардаг, үүнийг шууд вирусийн Их Британи хувилбар гэж дүгнэж болохгүй.

Халдварын тархалт, вакцин өргөн хүрээнд хийгдсэн өнөөдрийн нөхцөл байдалд мутаци хувилбарыг маш сайн тооцоолж, тархалт, хүндрэлд нөлөөлж буй эсэхийг үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа" хэмээн ярилаа.