Бүгд Найрамдах Солонгос Улсын хил дээрээс буцсан, хил гаалийн ажилтнууд монголчуудтай зүй бүс харьцсан гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд үе үе гардаг.
Сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сэтгүүлчид монгол иргэдийн эрхийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг нь тодруулав.
Сайд Б.Батцэцэг "Аливаа улс виз олгоно гэдэг нь хилээр орно гэсэн баталгаа биш. Бүх дүрэмд нь байдаг. Улс бүр өөрийн хилээр оруулах, гаргах дүрэм журамтай. Манай улс мөн дүрэм журамтай. Манай хил дээрээс ч гэсэн гаднын иргэд буцдаг. Өнгөрсөн жил гэхэд гадаадын 1,700 гаруй иргэн буцсан.
БНСУ-д 14-15 мянган монгол иргэн хууль бусаар оршин сууж байгаа нь виз олголтод нөлөөлдөг. Хууль бусаар амьдарч байгаа олон иргэнтэй улсуудад хяналт нь илүү чанга гэсэн үг. Солонгосын хил дээрээс ганцхан монголчууд биш гадаадын олон иргэн буцдаг. Манай улс иргэдийнхээ буцаалтын тоогоор 13 дугаарт орж байна.
Зорчих гэж буй улсынхаа хууль дүрмийг судалж, хариуцлагатай аялах ёстой. Мэдээлэл маш их бий. Монголчуудад зориулаад монгол хэл дээр анхааруулга, санамж, мэдүүлэх хуудсаа яаж бөглөхийг нь хэлж өгдөг, монгол хэлтэй хүн ажилладаг, зураг авдаг төхөөрөмж нь хүртэл монголоор ярьдаг.
Бүх л улсаас хүмүүс очиход хууль дүрэм нь ижилхэн үйлчилнэ. Түүнээс биш монголчуудыг онцолж аваад үзэн ядаад буцаагаад байгаа юм биш. Жилд 200 гаруй мянган иргэн орж гарч байгаа.
Олон нийтийн сүлжээгээр болон хэвлэл мэдээллээр явж буй мэдээллүүд нэг талыг барьж байна.
Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг бий. Гаднын улс оронд очиж байж тэр улсын дүрмээр л амьдарна. Гэтэл Монголдоо байгаа мэт хэрүүл хийж байгаад бүх юмыг дийлж болно гэдэг ойлголт байж болохгүй. Улс орны нэр хүнд шүү дээ. Монгол хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Ухамсартай соёлтой аялж сурах хэрэгтэй. Зорилгоо зөв тодорхойлох ёстой.
Очих буудлынхаа хаяг, дансны үлдэгдлээ мэдэхгүй, виз авахдаа мэдүүлсэн мэдээллээсээ өөр юм ярьдаг, хууль бусаар амьдарч байгаа хүний гэрийн хаягийг өгчихдөг гээд зөрчлүүд нь тодорхой байдаг.
Буруутныг айлын талаас хайх биш юм. Хамтын ажиллагаа бүх чиглэлээр хөгжиж байна. Ажиллах амьдрах таатай орчин байгаа учраас тийшээ хүмүүс тэмүүлж байна. Өнөөдөр 60,000 гаруй монгол хүн БНСУ-д амьдарч байгаагийн 20,000 гаруй нь оюутан. Хууль бусаар амьдарч байгаа монголчууд зөрчил гаргахгүй бол шууд барьж аваад буцаагаад байдаггүй. Бусад улс оронтой харьцуулахад монголчуудад харьцангуй сайн ханддаг" гэлээ.
Түүнчлэн тэрбээр харилцан визгүй зорчих, визийн нөхцөлийг хөнгөрүүлэхээр таван жил гаруй хэлэлцэж байгаагаа дурдаж байв.
Сайд Б.Батцэцэг "Иргэд заримдаа санаа зовмоор гэмт хэргүүдэд холбогддог. Архи уудаг, зодолддог, хулгай дээрэм гээд олон асуудалд оролцдог, хүний баримт бичгээр явах зэрэг асуудал их бий. Энэ бүгдийг үгүйсгэж болохгүй. Үнэн бодит байдалтай зохицож, өөрсдийгөө зөв ойлгуулж, аль болох таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарал тавьж байгаа.
Зөвхөн өөрийн талаас тайлбарлаад байхаар нөгөө талд нь тайлбар байдаг тул бодолтой хандах хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!