Уншиж байна ...

Олимпод цугтаа оролцож буй ээж, хүү хоёр

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италид болж байгаа цагаан олимпод Мексик Улсаас гурван спортын төрөлд таван тамирчин оролцож байна.

Тэдний хоёр нь ээж, хүү гэдгээрээ онцлог. Тодруулбал 46 настай уулын цаначин бүсгүй Сара Шлепер долоо дахь олимпод оролцохдоо хүү Лассе Гаксиалогийн хамт оролцож буй.

АНУ-ын Колорадо мужид уулын цанын хэрэгсэл зардаг дэлгүүр ажиллуулдаг гэр бүлд төрж өссөн Сара 1998 оны олимпод оролцохдоо 19 настай байв. Үүнээс хойш АНУ-ын шигшээ багт нийт дөрөв, 2014 оноос Мексикийн иргэншилтэй болсноор сүүлийн гурван олимпод тус улсын нэр дээр оролцжээ.

зураг
 

Сара олон жилийн тамирчныхаа замналд хоёр улирлыг л өнжсөн байдаг. Тухайлбал 2008 - 2009 онд хүү Лассегаа төрүүлсэн тул цанын спортоосоо түр хөндийрсөн юм. Тэгвэл ээжийгээ дагаж цаначин болсон хүү нь өдгөө 18 настай, олимпын "giant slalom" төрөлд өрсөлдөх бол ээж нь "giant slalom", "super G" гэсэн хоёр төрөлд уралдахаар зэхэж байна.

Мексикийн шигшээ багийн тугчаар олимпын нээлтэд оролцсон С.Шлепер маргааш уралдаандаа оролцвол хамгийн ахмад насандаа уулын цанын төрлөөр олимпод оролцсон тамирчин болохоос гадна долоон өөр олимпод өрсөлдсөн анхны цаначин болно.