Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хилийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой зарим компанид давуу байдал олгож, их хэмжээний ашиг орлого хийсэнтэй холбоотой нэг багц, гурван дэд асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.
Энэ талаар шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр "2025 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд "Смарт эко транс" гэдэг компанид эрх олгосон Гашуун сухайтын хилийн боомтоор эрх олгосон асуудлыг шалгахыг Хууль зүйн сайдад даалгавар болгосон тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 8-нд Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Мөнх-Эрдэнээр ахлуулсан хяналт шалгалтын ажлын хэсэг гарч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцуулсан.
Хяналт шалгалтын хүрээнд Смарт эко Транс компанийн 19 км зам яагаад ийм давуу эрхтэйгээр явсан бэ гэдэг асуудлыг судалж үзэхэд Засгийн газрын 2022 оны 95 дугаар тогтоол гаргасан байна. Энэ тогтоолдоо терминал байгуулах, терминалын тухайлсан гарц нэг асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авахыг даалгасан. Терминал байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан.
Яагаад гэхээр хоёр улсын хилийн боомттой холбоотой ачаа тээврийн асуудал яригдаж байгаа учраас БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авагдаагүй. 2022 оны 349 дүгээр тогтоолоор "Смарт эко транс" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ байгуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Энэ тогтоолыг Засгийн газрын хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оруулж батлуулсан.
Тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын хуулийн дагуу гаргах байсан. Үүнийг нууцын бичиг аваад тендерийн хуулийг үндэслээд шууд гэрээг байгуулж энэ компанид давуу байдал болгосон. Энэ ямар учиртай компани юм бэ гээд олон нийтэд мэдээлэх бололцоотой. Ерөнхий мэдээллийг үзүүлэхэд хувьцаа эзэмшигч иргэн Бямбабаатар 51%, түүний охин Хулан 24%, гүйцэтгэх захирлаар Батнасан гэдэг хүн байгуулагдсан. 95 дугаар тогтоол гарахаас зургаан сарын өмнө үүсгэн байгуулагдсан ийм компани байгаа. Нэг сонирхолтой статистик нь энэ компани Админерал компанитай нэг өдөр байгуулагдаж байгаа. Энэ бол Баянмонгол хорооллыг барьсан компанийн захирал байна гэдэг мэдээлэл өгье. Хэнтий аймгийн харьяат хүн байгаа.
Энэ асуудал яагаад Засгийн газрын хуралдаанаар ийм хууль зөрчигдсөн байдалтай орсон бэ гэдэг тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга мөн Боомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Дашзэвэгийн Амарбаясгалан хууль зөрччихсөн байна гэдэг дүгнэлт гараад байхад асуудлыг буцаалгүйгээр Засгийн газрын хуралдаанд шууд оруулж баталсан байгаа.
Засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудлыг авч үзэхэд "энэ чинь концессын хуулийн дагуу явагдана биз дээ" гэдгийг жишээлбэл Жавхлан сайд асуухад Нямбаатар сайд "тийм ээ" гэж хариулж байгаа. Концессын хуулийн дагуу явуулна гэж Засгийн газрын хуралдаанд хэлсэн. Тэгэхдээ тогтоол тендерийн хуулиар ганц компанид давуу байдал олгосноор шууд гарсан. Тэмдэглэлд анхаарал татсан нэг асуудал болбол Засгийн газрын хуралдаанд энэ компанид тендерийн хуульгүйгээр өгөхдөө 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт нийт хөрөнгийг боомтын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулсан гэж танилцуулж байгаа.
Гэтэл энэ компанид монопол эрх өгч гэрээ байгуулахдаа хугацаагүйгээр байгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл "Эко смарт транс" гэдэг компани Монгол Улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр бараг хувьдаа авсан асуудал яригдаж байгаа. Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдаж байна. Үүний дараа 2024 онд 155 дугаар тогтоол гараад чингэлэг тээвэрлэх зориулалтаар гэж олгосон нөгөө "Смарт Эко транс"-д жолоочтой тээврийн хэрэгсэл гаргах ийм шийдвэрийг дахиж гаргасан.
Энэ компанид 2022 оны давуу байдал олгосноос хойш 2025 оны зургаадугаар сарыг хүртэл ямарваа нэгэн газрын зөвшөөрөл олгогдоогүй байсан. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гэсэн үг. Газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг ашиглаад давуу эрх эдлээд сууж байгаа компанитай болчихсон.
Энэ газрын зөвшөөрөл хэзээ гарсан бэ гээд үзэхэд 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тушаал гаргаж энэ компанид газар ашиглуулах эрхийг олгосон. Зургаадугаар сарын 13-н гэдэг бол Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогддог өдөр.
Чоно борооноор болсон 3 жилийн турш газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг авчихсан байсан энэ компанид Засгийн газар шинэ Ерөнхий сайд томилогддог өдөр амжиж газрын зөвшөөрлийг нь хууль зөрчиж олгосон. Байгаль орчны сайдад Монгол Улсын хилийн газар дээр газар ашиглуулах эрх хэмжээ байхгүй. Түрүүн хэлсэнчлэн зөвхөн Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэдэг. Төрийн өмчийн 19.2 км авто замыг энэ компанид мөн давуу эрхээр олгосон.
БНХАУ-ын компаниудад газар олгосон Нэхийт гэж хүнийг би сонсгол дээрээ дуудаж авчирч ирсэн. Энэ этгээд мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Энхбат хоёр төрийн өмчийн авто замыг тухайн компанид эзэмшүүлсэн. Энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Энхбатад авлигатай тэмцэх байгууллага албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа.
"Смарт эко транс" компанид ийм хүч түрж Монгол улсын дархан хилээ зөрчиж Засгийн газрын сүүлийн хурлаар огцрохоосоо өмнө амжиж яаран сандран өгч байсан зөвшөөрлүүдийн хууль бус энэ шийдвэрүүдээс хэдэн төгрөгийн ашиг олоод байна гэдгийг хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон. Хоёрхон жилийн дотор энэ компани 95.7 тэрбум төгрөгийн ашиг олсон.
Монгол Улсын хилийг Монгол Улсын төрийн өмчийн газрыг өөрсдөө үнэ тариф тогтоож хэрэг дээрээ зарж хувьдаа ийм ашиг хийсэн. Ийм учраас энэ нүүрсний хулгайн асуудал ямар хэмжээний цар хүрээтэй өргөн асуудал байсан бэ гэдэг нь одоо ил тод тодорхой болж байна.
Энэ компаниудад төрийн өмчийн авто замыг ашиглаж өөрсдөө төлбөр, хураамж тогтоож хувьдаа аваад байна гэдэг асуудлаар нийтдээ 14 удаагийн шаардлага өгөгдөж байсан. Тэгэхдээ хууль хяналтын байгууллага хүчтэй хөдөлж байгаагүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаа хуралдаанаар саяын энэ компанид олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн энэ компанид эзэмшүүлж ашиг олуулж байсан төрийн өмчийн 19 километр авто замыг төрд нь буцааж авсан шийдвэрүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Энэ хүмүүсийг илчилж байранд нь тавих ажлыг хийнэ. Уг асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгчид танилцуулна. Энэ хавар халуухан хавар болно, гэхдээ энэ халуухан нь биш шүү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!