Уншиж байна ...

Оросын дроны цохилтын улмаас Украины нэг гэр бүлийн гурван бага насны хүүхэд эцгийн хамт алагджээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Оросын нисгэгчгүй онгоц дорнод Украины нэг тосгонд халдах үеэр нэг гэр бүлийн бага насны гурван хүүхэд эцгийн хамт амь үрэгдсэнийг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Хүүхдүүдийн ээж, хөл хүнд эмэгтэй хүнд шархадсан байна.

Оросын агаарын цохилтоос зугтаж, төрөлх тосгоноосоо дүрвэсэн уг гэр бүл Харьков хотоос баруун зүгт 60 км зайтай оршдог Боходухов тосгонд дөнгөж ирээд байсан юм байна.

“Тэд байнга агаарын цохилтод өртөх болсон Золочов тосгоноос дүрвэж, аюулгүй газар хайж ирсэн хүмүүс. Ирсний дараах эхний шөнө ийм эмгэнэлтэй явдал боллоо” гэж Харьков мужийн захирагч Олег Сынегубов сошиал хуудсандаа бичжээ.

Амь үрэгдсэн хүүхдүүд нь хоёр настай ихэр хөвгүүд Иван, Владислав нар, тэдний нэг ойтой охин дүү Мирослава байсан байна.

Хүүхдүүдийн аав 34 настай Григорий бас амь үрэгджээ.

Тосгоны дарга Владимир Белый үүнийг “хүний ой ухаанд багтамгүй гэмт хэрэг” гээд “Бид хамгийн үнэтэй зүйл болох ирээдүй хойч үеэ алдлаа” гэж гашуудсан байна.

Хүүхдүүдийн ээж болох 35 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй толгойдоо шархдаж, бие нь түлэгдсэнийг эмнэлэгт хүргэсэн тухай орон нутгийн цагдаагийн алба мэдээлжээ.

Гэр бүлийн толгой хоргодож байсан байшин бүрэн сүйрсэн байна. Шатсан байшингийн балгасан дунд хүүхдийн тоглоомууд хэвтэж байгааг тэндээс ирсэн гэрэл зураг харуулжээ.

“Оросын үйлдэж буй ийм аллагууд дайныг дипломат арга замаар дуусгах итгэл үнэмшлийг баллаж байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа бичсэн байна.

Лхагва гарагийн шөнө Оросын талаас Харьков, Днипропетровск, Запорожье, Полтава мужуудын чиглэлд нийт 129 нисгэгчгүй онгоцоор довтолсныг тэр нэмж мэдээлжээ.

Халдлага өдөр нь бас үргэлжилсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр Харьков мужид энгийн иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг тээвэрлэж явсан автомашин дроны цохилтод өртөхөд нэг эмэгтэй амиа алджээ.

Өчигдөр үдээс хойш Оросын тал баруун бүсийн Львов хот руу хоёр ширхэг баллистик пуужин харвасныг Украины зэвсэгт хүчин аюулгүй болгосон тухай тус хотын захирагч Андрей Садовый мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: CNN