Хуурамчаар юань болон ам.доллар хэвлэн иргэдийг залилдаг этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилжээ.
Тодруулбал БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1,614 ширхэг нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 загварын тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернэт банканд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!