XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим хүнд төрийн дээд цол, одон медаль гардуулах юм.
Энэ удаад спортын салбараас олон хүн шагнуулах гэж байна.
Тухайлбал Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны хүндэт гишүүн Шагдаржавын Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ. Спортынхон дундаа "Олимпын өвөө" гэгддэг Ш.Магван гуай 1927 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн юм.
Тэрбээр 1977-2007 онд ОУОХ-ны гишүүн, 2007 оноос тус хорооны Хүндэт гишүүн, 2009 оноос Монголын Олимпын Түүх Судлалын Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ардын Багш, Үндэсний бөхийн улсын харцага, чөлөөт бөхийн тамирчин дасгалжуулагч Данзандаржаагийн Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол олгоно. Тэрбээр 1968 оны зуны олимпоос хүрэл медаль хүртсэн бөгөөд тэр жилээ гавьяат тамирчин болж байв.
Мөн Монголын Гимнастикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!