Уншиж байна ...

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо дөрөв хоногийн өмнө улсын хилийн бүсийн 10 байршилд 34,000 га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан

Н.Эрхбаяр, iKon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хилийн бүсэд газар олгосон асуудлыг хэлэлцсэн байна. 

Уг асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хилийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой зарим компанид давуу байдал олгож, их хэмжээний ашиг орлого хийсэнтэй холбоотой нэг багц, гурван дэд асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. 

Монгол Улсын үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэр дээр 34,227.8 га талбайг нийт улсын хилийн боомтууд дээр Засгийн газрын шийдвэрээр олгосон байна 

Хилийн тухай хуульд зааснаар Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэсэн заалттай. 

Боомтын сэргэлтийн үндэсний хороо өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн үндэсний хороо Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж батлуулахыг Б.Тулга сайд өөр өөртөө даалгасан тогтоол гаргасан. Дараа нь 09 тоот тогтоолоор дээрх газруудыг олгох асуудлыг газрын хэмжээ солбицлыг нарийвчлан тогтоож Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Б.Тулга сайд өөртөө даалгасан. 

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Б.Тулга сайд Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК-ийг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-н буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн хуралдаанаар огцрохоосоо дөрөв хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК-ийн нэр дээр хилийн бүсэд 10 байршилд 34,000 га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан. 

Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК-ийн дүрэмд төр хувийн хэвшлээр төсөл хэрэгжүүлнэ, хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгуулж барина, санхүүжилтийн эх үүсвэр хөрөнгө оруулалт татна гэсэн зорилготой байна. 

Энэ асуудлыг Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны хуралдаанаар яаж хэлэлцсэн бэ гэдэг тэмдэглэлийг шүүж үзэхэд "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хилийн зурваст газар ашиглуулах тогтоолын төсөл" гээд шууд алх цохиж шийдвэр гаргасан. Энэ бол огцрохоосоо дөрөв хоногийн өмнөх сүүлийн Засгийн газрын хуралдаан. 

Боомт хөгжүүлэхтэй холбоотой 10 хилийн бүсэд боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байсан. Энэ бол боомтыг хөгжүүлэх гэсэн халхавчаар хууль зөрчиж газар олгосон байна. Үндсэн хууль, хилийн тухай хуулийг зөрчиж энэ шийдвэрийг гаргасан байна хэмээн Засгийн газрын хуралдаанаар үзэж, газар олгосон 2025 оны тавдугаар сарын 28-ны Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулсан" гэв.

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/2399168823890863