Уншиж байна ...

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурлыг гуравдугаар сарын 23-н хүртэл хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 6-10-ны өдрүүдэд болжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Хэргийн талаар эргэн сануулахад, ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Тэднийг “нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм. 

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцээд тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан юм.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар хоёр дахь удаагаа буюу 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр уг хэргийг хэлэлцээд З.Энхболдын хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Энх-Амгаланд 2 жил хорих ял оноо шийдвэр гаргасан юм. 

2025 оны долоодугаар сард Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уг хэргийг гурав дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэх болсон билээ.