АНУ-ын засаг захиргааны авсан газрын тосны хориг арга хэмжээний улмаас Куба улс онгоцны түлшний нөөцгүй болоод байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын эрх баригчид тус улсын чиглэлд үйлддэг нислэгүүдээ зогсоож, тэнд одоо байгаа жуулчдаа татаж авах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Өчигдөр буюу Лхагва гарагт Оросын агаарын тээврийн захиргаа Куба чиглэлд нислэг үйлддэг хоёр компани үйлчилгээгээ зогсоохоос өмнө Оросын жуулчдыг татаж авахаар болсныг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн Ням гарагт Кубын эрх баригчид онгоцны түлшний нөөцийн хомсдолтой болсноо гадаадын агаарын тээврийн компаниудад анхааруулсан юм. Үүний дараа Канадын үндэсний агаарын тээвэрлэгч тогтмол нислэгээ түр зогсоож байгааг мэдэгдсэн бол бусад компаниуд түлш авахын тулд Карибын тэнгисийн бусад улсуудаар дамжих чиглэлийн өөрчлөлт нэвтрүүлэхээр болсноо зарласан.
Оросын аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлснээр бол одоо Кубад тус улсын 4,000 орчим жуулчин байгаа гэнэ. Тэдний ихэнх нь төрийн албан хаагчид байгаа ажээ.
Украины дайнтай холбоотой хориг арга хэмжээний улмаас Оросын төрийн албаныхны амрах боломжтой цөөхөн газрын нэг Куба болсон нь үүнтэй холбоотой.
Кубад амарч байгаа Оросын иргэд нөхцөл байдал хүндэрч, нийтийн тээврийн хэрэгслийн олдоц эрс муудсан талаар онлайн чат группүүд дээр гомдоллон бичицгээж байна. Зарим нь эрчим хүчний хангамж арай дээр байгаа доод ангиллын зочид буудлууд руу нүүн шилжих болсноо мэдээлжээ.
Трампын засаг захиргаа Кубад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн улс орнуудын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаа анхааруулаад удаж байна.
Мэдэгдэж байгаагаар хамгийн сүүлд нэгдүгээр сарын эхээр Мексик улс Кубад түүхий газрын тос нийлүүлжээ.
Үүнээс гадна Куба улсыг газрын тосоор хангадаг байсан Венесуэл улс ерөнхийлөгч Николас Мадурог баривчлагдсаны дараа нийлүүлэлтээ зогсоосон.
Даваа гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров эдийн засгийн аргаар Куба улсыг “боомилж” байгаа АНУ-ын засаг захиргааг шүүмжилж, тус улсын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа болон “бусад түншүүдийн хамт найз нөхөртөө шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн” байгааг мэдэгдэж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!