Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан үйлдлийг Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ) илрүүлжээ.
Тодруулбал 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын орох чиглэлд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий гурван иргэн нь гадаадын иргэний мэдээллийн санд бүртгэлгүй, хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан нь тогтоогдсон. Тухайн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад таван жилийн хугацаанд оруулахгүй байх хориг тогтоож, уригч аж ахуйн нэгж, байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн өнгөрөгч оны аравдугаар сард Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож байсан.
Мөн гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Бангладеш Улсын 300 орчим иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!