Канад улсын Бритиш Колумбиа мужийн алслагдсан тосгоны сургуульд зэвсэгт этгээд халдаж, өөрийн болон бусад найман хүний амийг хөнөөсөн хэрэг Мягмар гарагт гарсан юм.
Тус улсын цагдаагийн байгууллага уг халдлагыг үйлдсэн этгээд нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, 18 настай эмэгтэй байсныг өчигдөр зарлажээ.
Роки уулсын бэлд оршдог Тамблер Риж хэмээх тосгонд гарсан энэ хэрэг Канадад сүүлийн жилүүдэд гараагүй томоохон аллагад тооцогдож байна.
Урт буу болон гар буугаар зэвсэглэсэн Жесси Ван Рүүтселаар гэгч тухайн өдрийн үдээс хойш тосгоны дунд сургуульд ирж, гал нээсний улмаас 12-13 насны таван сурагч, нэг багшийн хамт алагджээ.
Сүүлд түүний цогцос сургууль дотор өөрийгөө буудсан байдалтай олдсон байна.
Цагдаа нар дараа нь алуурчны гэрт очиход түүний 39 настай ээж, эх нэгтэй 11 настай эрэгтэй дүү нь буудуулж алагдсан байжээ.
Сүүлийн хэдэн жилийн турш Ван Рүүтселаарын сэтгэцийн эмгэгтэй холбоотой дуудлага гэрээс нь тосгоны эрүүл мэндийн төвд олон удаа ирж байсныг цагдаа нар олж тогтоосон байна.
Мөн алуурчин нь хүйсээ солиулсан нэгэн байсныг тогтоожээ.
“Жесси төрөхдөө биологийн хувьд эрэгтэй хүн байсан бөгөөд ойролцоогоор зургаан жилийн өмнөөс хүйсээ сольж эхэлснээр олон нийтэд эмэгтэй хүн гэж тодорхойлогдох болсныг тогтоосон” гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Канадын ерөнхий сайд Марк Карни “Болсон явдал манай үндэстнийг цочирдуулж, уй гашуу авчирч байна. Эдгээр хүүхдүүд болон тэдний багш урьд өмнө сонсогдоогүй харгислалын гэрч боллоо” гэж парламентад хандаж хэлсэн юм.
Энэ үеэр хууль тогтоогчид нэг хором чимээгүй зогсож, хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна.
Карни энэ долоо хоногт Германы Мюнхен хотод болох олон улсын аюулгүй байдлын нэр хүндтэй чуулганд оролцох байснаа уг аллагын улмаас цуцалсан юм.
Тэрбээр Канад даяар бүх засаг захиргааны байрнууд дээрх төрийн далбааг долоо хоногийн турш ишнийх нь тал хүртэл буулгах захирамж гаргажээ.
Канад улсад иргэдийн галт зэвсгийн эзэмшил өндөр хувьтай байдаг ч хатуу хууль хяналтын ачаар аллага харьцангуй бага гардаг.
Ялангуяа өмнөд хөрш АНУ-тай харьцуулахад ийм төрлийн гэмт хэрэг ховор гардаг юм.
Аллага гарсан Тамблер Риж нь 2,500 хүрэхгүй тооны оршин суугчтай алслагдсан уурхайн тосгон бөгөөд Ванкувер хотоос зүүн хойд зүгт 1,000 гаруй километрийн зайд оршдог.
Дээрх аллагын үеэр 25 хүн хөнгөн шархадсан бол хүнд шархадсан хоёр хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Тосгоны дарга Даррил Краковка “Бид нэг том гэр бүл шиг байдаг. Надад үнэхээр хэцүү байна. Би энд 18 жил амьдарсан, хохирогчдыг бүгдийг нь танина” гэж харамсан ярьжээ.
Тамблер Риж тосгоны дунд сургуулийн 7-12 дугаар ангид 12-18 насны 160 сурагч суралцдаг юм байна.
Сургууль энэ долоо хоногийг дуустал хичээлээ завсарлахаар болсныг удирдлага нь зарлажээ.
Канадын сүүлийн үеийн түүхэнд үүнээс илүү олон хохирогчтой аллага сургуулийн байранд нэг удаа гарч байсан юм байна.
1989 онд Монреалийн техник мэргэжлийн сургуульд зэвсэглэсэн этгээд халдахад 14 сурагч амиа алдаж байжээ.
2016 онд Саскачеван мужийн Ла Лош хотод гарсан аллагын үеэр таван хүн амиа алдаж байв.
Канадын түүхэнд хамгийн том аллага 2020 онд Нова Скотиад гарахад 22 хүний амь үрэгдсэн бөгөөд үүний дараа Канад улс 1,500 орчим загварын байлдааны зориулалттай галт зэвсгийг иргэдэд эзэмшүүлэхийг хориглож байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!