Нийслэл хотод сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 10-наас эхлээд буй. Өнөөдрийн байдлаар хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3,000 гаруй албан хаагч 700 гаруй техник хэрэгслээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэж байгаа аж.
Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батпүрэв “Нийслэлийн хэмжээнд 2026 онд найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдаж буй их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар шуурхай тээвэрлэж, тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүллээ. Их цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Автобусны буудал, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ болон гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэж байна” гэлээ.
ААН-үүд нийтийн эзэмшлийн 50 метр талбайгаа цэвэрлэж байгаа бөгөөд сар шинийн баярыг угтсан цэвэрлэгээнд нэгдэхийг иргэд, ААН-үүдэд уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!