Америкийн поп од Бритни Спирс олон хит дуу багтаасан уран бүтээлийн цогц сангийнхаа өмчлөх эрхийг бусдад зарсан тухай АНУ-ын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Хэдийгээр худалдах гэрээнд тодорхой үнийн дүн дурдаагүй ч TMZ сайт зэрэг эх сурвалжуудын мэдээлснээр $200 орчим саяын наймаа болсон гэнэ.
Канадын поп од Жастин Бибер 2023 онд үүнтэй ойролцоо хэмжээний үнийн дүнгээр уран бүтээлүүдийнхээ өмчлөх эрхийг зарж байсан юм.
Сүүлийн жилүүдэд хөгжмийн уран бүтээлчдийн дунд ийм наймаа улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 44 настай Спирс сүүлийнх нь тохиолдол болж байна.
2021 онд Брюс Спрингстин $500 саяар өөрийн бүх уран бүтээлийн каталогийг Sony Music Entertainment компанид зарж байв.
Удалгүй Дэвид Боуигийн өв залгамжлагчид түүний уран бүтээлийн сан хөмрөгийг Warner Chappell Music компанид $250 саяар заржээ.
Сүүлд ZZ Top, Тина Тернэр, Пол Саймон зэрэг уран бүтээлчид бүгд ижил төстэй гэрээ байгуулсан юм.
Hollywood Reporter сонины мэдээлснээр Бритни Спирсийн хөгжмийн эрхийг Primary Wave компани худалдаж авсан гэнэ. Тус компани Уитни Хьюстон, Боб Марли, Принс зэрэг уран бүтээлчдийн хөгжмийн эрхүүдийг эзэмшдэг юм.
Ийм эрх эзэмшдэг компаниуд бүх дуу хөгжмийн цацалт, цомгийн борлуулалт, сурталчилгаа, кинонд ашиглах эрхийн төлбөрийг цуглуулдаг.
Уран бүтээлчдийн хувьд ийм гэрээ байгуулснаар өөрийн ирээдүйн орлогыг тооцоолоод урьдчилж авч байгаа гэсэн үг юм.
Харин худалдан авагчдын хувьд урт хугацаанд ашиг олох хөрөнгө оруулалт болдог.
Sony, Universal, Warner зэрэг томоохон лэйбелүүд ийм төрлийн бизнесээ өргөжүүлж байгаа бол Recognition Music Group, Concord Music Publishing зэрэг мэргэшсэн хөрөнгө оруулагчид бий болоод байгаа.
Бритни Спирс 1990-ээд оны сүүлээр дэлхий дахинд алдаршиж байсан ч сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөөс нэлээд холдсон юм.
2021 онд АНУ-ын шүүх түүний эцгийн 13 жил үргэлжилсэн санхүүгийн хараа хяналтыг цуцлах шийдвэр гаргаж байв. Дуучин бүсгүй үүнийг хүчирхийлэл гэж тодорхойлж байсан бөгөөд шүүхээр заргалдсаны эцэст эрх чөлөөтэй болж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!