Уншиж байна ...

Э.Ниндэв: 2015 оноос өмнө үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод сүүлийн нэг жилийн хугацаанд 50,000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ.

Энэ талаар "Нийслэлийн Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төв" ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 808,150 тээврийн хэрэгсэл мэдээллийн санд бүртгэлтэй байна. Үүнээс 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол замын хөдөлгөөнд оролцож байгаа статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргадаг.

Манай байгууллагын хувьд Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүртгэлийн үйл ажиллагааг 2025 оноос явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуурыг тавьж, бүртгэлийг хийж байна.

2024 онд НИТХ-аас Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дээд хязгаар тогтоогдсонтой холбоотойгоор улсын дугаарыг олгохгүй, зогссон төлөвтэй байгаа. Ингэснээр 10-аас дээш насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар огт олгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ онд 2015 оноос өмнө үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд УБ дугаар олгохгүй гэсэн үг. Мөн иргэдийн авч байгаа тээврийн хэрэгслийн чанар сайжрах, орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу орж ирэхгүйгээр аймгуудад нээгдсэн авто худалдааны төвүүдээс 2014, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг хямд үнээр авдаг болсон.

Уг арга хэмжээг авах хүртэлх хугацаанд иргэд автомашиныг гар утас шиг ашиглаж, орхидог байсан. Харин одоо ашиглахгүй байгаа машинаа бүртгэлээс хасуулдаг боллоо. 2025 оноос хойш нэг жилийн хугацаанд нийслэл хотод 50,000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Бүртгэлээс хассан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан он залуу болон хайбрид, цахилгаан машинуудад олгож байгаа юм. Энэ нь тээврийн хэрэгслээс гарч буй агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ болж байна" хэмээн мэдээллээ.

2025 онд улсын хэмжээнд 79,000 тээврийн хэрэгсэл, 2024 онд 170,000 тээврийн хэрэгсэл импортолсон бол сүүлийн таван жилийнхтэй харьцуулахад өнгөрсөн онд Улаанбаатар хотод хамгийн бага буюу 33,000 тээврийн хэрэгслийг импортолжээ гээд сүүлийн нэг жилийн хугацаанд нийслэл хотод нийт тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээгүй хэмээв.