Уншиж байна ...

"Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах ачааллын улмаас программ гацсан"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай өнгөрсөн долоо хоног мэдэгдсэн.

Уг мэдээлэл цацагдсанаас хойш нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаар захиалах ачаалал нэмэгджээ.

Энэ талаар Авто Тээврийн Үндэсний Төвөөс/АТҮТ/ тодруулахад "Нийслэлээс уг шийдвэрийг олон нийтэд мэдээлснээс хойш импортоор оруулж, ирж зарахаар хүлээгдэж байгаа тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах ачаалал нэмэгдсэн.

Нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын захиалга нь мэдээлэл гарсан эхний өдөр ердийн үеийнхээс 35%, дараагийн өдөр 40%-ийн ачаалалтай болж, нэмэгдсэн. Ачааллын улмаас өнөөдрийн байдлаар системийн доголдол үүсэж, программ гацсан. IT инженерүүд доголдлыг хэвийн болгохоор ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 8-наас хойш нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохгүй болохоор автомашины ченжүүд гааль, татварын мөнгөө төлөөд импортоор оруулж ирсэн машиндаа зарж байгаа дугааруудыг авч байгаа болов уу гэж харж байна.

Улаанбаатар хотын АТҮТ-ийн 20 салбарт дараалал үүсэж, ачаалалтай байна" гэж мэдээллээ.

Нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дуудлага худалдаагаар зарах 3,642, одоо задарсан буюу сул дугаарын нөөц 4,784 байгаа аж.

Ирэх сарын 8-наас хойш нийслэл хотын тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгох бол шалгуур, үзүүлэлтүүд тавигдана гэж танилцуулсан билээ.