Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ниндэв: Лацны стандарт батлагдчихвал бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн зүгээс автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулжээ.

Энэ тухай Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэв "Монгол Улс тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарч байгаа юм.

Машинтай иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд кирил үсэгтэй улсын дугаартай тээврийн хэрэгсэл олон улсад зорчиход хүндрэлтэй зүйлүүд гардаг. Манай улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 4410-2017, 4410-2002 стандарт мөрддөг ч олон улсын стандартад нийцдэггүй. 

Автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулдаг, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна гэдгийг цагдаа, авто замын хөгжлийн газрын мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл иргэд дуртай үедээ тээврийн хэрэгслийн дугаарыг авдаг, сольдог явдал арилна гэж үзэж байгаа. 

Улсын дугаарын лацны стандартын төслийг боловсруулж, ЗТХЯ-тай санал солилцох шатанд байна.

Стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Иргэд өөрсдийн хүсэлтээр хуучин дугаараа шинэ стандартад шилжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан. Гэхдээ энэ нь батлагдаагүй байна" гэж мэдээллээ.

Харин Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 13-нд "Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, кирил үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар ЗТХЯаманд төслөө хүргүүлсэн байгаа.

Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ" хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байсан юм.