Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр АН-ын "хоёр" дарга тодорно

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна. 

Хоёр тамга тэмдэгтэйгээр, тус тусдаа нэр дэвшигчдээ зарласан энэхүү сонгуулийн дүнгээр Ардчилсан намын гэх тодотголтой хоёр дарга тодрох юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ даргатай АН-аас Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, М.Тулгат, Ц.Уртнасан, Л.Гүндалай нарын таван хүн даргын сунгаанд оролцсон. Тэд сонгуулийн санал хураалтаа цахимаар зохион байгуулж буй онцлогтой. Санал хураалтын явцын талаар Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Намын гишүүдийн идэвх сайн байна. 18:00 цагаас урьдчилсан дүн гарна.

АН-ын 140 мянган гишүүнд санал өгөх тусгай эрх бүхий код мессежээр очих ёстой. Өчигдрөөс эхлээд бүх гишүүддээ кодыг нь үүрэн телефоны дөрвөн оператороор дамжуулан илгээж байгаа. Нэг оператор цагт 15 мянган хүний санал авах хүчин чадалтай ажиллаж байна" гэдэг мэдээллийг өгөв.

Харин Ц.Туваан даргатай талаас О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар намын даргад нэрээ дэвшүүлсэн. Тэдний талаас сонгуулийг уламжлалт саналын хуудсаар явуулж буй. Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал санал хураалтын явцыг 14:00 цагийн байдлаар танилцуулахдаа "Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр АН-ын даргын сонгуулийн урьдчилсан санал хураалт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс, Төв, Хөвсгөл зэрэг аймгуудад болсон. Эдгээр аймгуудын дундаж ирц 50 хувьтай байсан бөгөөд хамгийн өндөр хувьтай оролцож байгаа аймгаар Увс, Булган аймгууд  тэргүүлж байна.

Өнөөдөр бусад аймаг, дүүргүүдэд санал хураалт явагдах болно. Намын гишүүд маш идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар сонгуулийн дундаж ирц 30 орчим хувьтай байна" гэсэн юм. 

Ямартай ч талууд тус бүрдээ намын даргын сонгуульд ялагчийг зарлана. Тэрхүү ялагчийг намын Их хурлаар батламжилдаг дүрэмтэй. Их хурлаар батламжилсан намын даргыг Улсын дээд шүүх бүртгэж байж албан ёсных болох учиртай. Хэдийгээр талууд өөр өөрсдийгөө АН-ын албан ёсны тамга, тэмдэгтэй гэж байгаа ч Улсын дээд шүүхийн бүртгэсэн тал л Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй болох юм.