Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын реформ хийгээгүй байж хөдөлмөр эрхлэгчдэд ачаалал үүрүүлнэ гэдэг маш буруу

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр хувиар нэмэгдэж, нийтдээ 26 хувь болоод буй.

Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогч болон ажилтан нь энэ оноос эхлэн

  1. ЭМД-ын шимтгэл 2% /тус бүр/,
  2. Ажилгүйдлийн шимтгэл 0.2% /тус бүр/ ,
  3. Тэтгэмжийн шимтгэл 0.8% /ажилтан/, 1% /ажил олгогч/ ,
  4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэл 0.8%/ажилтан/,
  5. Тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5, 9.5% /тус бүр/ төлөх болсон.

Уг асуудалд МҮЭ-ийн холбоо ямар байр суурьтай байгааг МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулав.

-Нийгмийн даатгал, тэр дундаа Тэтгэврийн даатгалын шимтгэл энэ оноос 19 хувь болоод буй. Үүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнө нь ажил олгогч, ажилтан тус бүр 7%-аар төлдөг байв. Харин 2016 оноос эхлэн ОУВС-ийн хөтөлбөрт орох нэрийдлээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг өсгөсөн.

Энэ нь ОУВС-д төрөөс Тэтгэврийн даатгалын санд нэлээд өндөр татвар төлж байна гэх ойлголт өгсөн гэж ойлгож байна. Уг нь Нийгмийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөөд явахад тийм ч өндөр алдагдалтай биш.

Зарим иргэний тэтгэврийн даатгал болон бусад НДШ-ийг нь төрөөс хариуцах ёстой байдаг. Гэтэл түүнийг нь татаас гэж ойлгуулснаар дээрх асуудал анх үүссэн. Энэ бол алдагдал үүсээд байгаагийн гол шалтгаан юм.

Тухайн үед Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага Тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулахгүйгээр шууд НДШ-ийг нэмэх байдлаар иргэдэд ачаа үүрүүлж байгаа нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Хамгийн сүүлд 2019 онд ҮЭХ-оос тэмцэл, жагсаал цуглаан хийж, Тэтгэврийн даатгалын нэмэгдэх ёстой байсан 1%-ийг цуцлуулах санал тавьсныг УИХ шийдэхдээ бүрэн цуцлаагүй бөгөөд зөвхөн ганцхан жилээр л хойшлуулчихсан.

Хойшлуулсан энэ асуудлаа өнгөрсөн 2020 онд шийдэх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч харамсалтай нь огт ярилгүй УИХ-ын Намрын чуулган завсарлачихлаа.

Тиймээс Төрийн өмчийн болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид буюу өмнө нь ч нийгмийн даатгалын ямар ч хөнгөлөлт эдлээгүй хөдөлмөр эрхлэгчид маань он гарсаар Тэтгэврийн даатгал дээрээ 9.5, 9.5 буюу нийт 19 хувийн шимтгэл төлөх боллоо.

Дээрээс нь тэд ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрийн осол, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд Нийгмийн даатгалд нийт 26 хувийн шимтгэл төлж байна. 

Одоогоор хувийн хэвшлийн байгууллагууд хөнгөлөлттэй төлж байгаа буюу энэ оны долдугаар сар хүртэл 8.5 хувиар Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлнө. Долдугаар сарын 1-ний өдрөөс хойш хувийн хэвшил, төр бүх ААН-үүд Нийгмийн даатгалд 26%-ийн шимтгэл төлөхөөр болоод байна. 

Тэр дундаа эмч, багш гээд төрийн албан хаагчид ижил хөдөлмөрлөж байж цар тахлын энэ үед илүү даатгал төлж байгаа.

НДШ-ийн үр өгөөжийг эргээд иргэд хүртдэг байдлаар хууль, эрх зүйн асуудлаа зохицуулаагүй байж эсрэгээр нь шимтгэлийг нэмээд байгаа нь маш олон хүний бухимдлыг төрүүлж буй.

Өөрөөр хэлбэл, төр засгаас нийгмийн даатгалын шинэчлэл, тэтгэврийн даатгалын реформыг хийгээгүй байж шууд ингэж хөдөлмөр эрхлэгчдэд ачаалал үүрүүлнэ гэдэг маш буруу.

-НДШ ингэж нэмэгдэх нь ямар сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаагаа та тодруулахгүй юу?

-Төрөөс тэтгэврийг өвлүүлэх, үр өгөөжийг нь иргэдэд тодорхой хэмжээнд буцаан хүртээх зохицуулалт хийгээгүй байж гуравхан жилийн дотор бүх ААН-ийн цалингийн сангаас 5 пунктээр илүү шимтгэл авчихна гэдэг бол ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэд маш том санхүүгийн дарамт.

Үүнээс болж ажил олгогч нар байнгын ажлын байраа цомхотгох, цалингаа нуух зэргээс эхлээд маш олон сөрөг үр дагавар гарна. Энэ нь байнгын, тогтвортой ажлын байруудад нэлээд сөрөг нөлөөлнө.

Тиймээс бид ялангуяа цар тахлын энэ үед Тэтгэврийн даатгалын шимтгэлийн сүүлийн нэмэгдлийг болих нь зөв.

Харин тэтгэврийн реформыг хийгээд, үр өгөөжийг нь иргэдэд тодорхой ойлгуулсныхаа дараа ажил олгогч, ажилтнуудтай хэрхэн, яаж нэмэх вэ гэдгээ зөвшилцсөний үндсэн дээр хэдэн хувь болгон нэмэгдүүлэхээ шинэ хуулиар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Энэ асуудлыг бид ХНХЯ-нд удаа дараа тавьсан. Үүнийг Нийгмийн даатгалын тухай багц хуулиар шийдэхээр хүлээж байгаа гэж ойлгож байна.

Өнөөдөр өрх бүрд зуун төгрөг ч гэсэн хэрэгтэй байхад НДШ-ийг шууд ингээд нэмэх нь цагаа олоогүй асуудал. Хэдийгээр төрийн албан хаагч нар цалингаа бүрэн авч байгаа гэж ойлгож байгаа ч төрийн болон орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газрууд сул зогссон, цалин нь буурсан байдалтай байгаа.

Хувийн хэвшлүүдэд ч маш олон ажлын байр байхгүй болчихсон байхад НДШ-ийн хоёр хувийн өсөлт өрхийн орлогод маш муугаар нөлөөлж байна.