Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй Засгийн газар $22 тэрбумын өртэй үлдэх тооцоог Рио тинто гаргажээ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туркойз Хилл Ресурс(TQR) компани өчигдөр албан ёсоор мэдээлэл хийсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж, "Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу" гэх гарчигтай нийтлэлүүд өнөөдөр mining.com, Financial review зэрэг гаднын томоохон сайтуудад нийтлэгджээ.

Он солигдохын өмнө Монгол Улсын Татварын ерөнхий газраас "Оюу толгой" компанид 649 тэрбум төгрөгийн татварын актыг шинээр тавьсан билээ. Түүнээс өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай цахин хурал хийсэн талаар бид мэдээлсэн

Тус хурлын үеэр Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, төслийн талаар Монгол Улсын Засгийн газар сэтгэл дундуур байгаа талаар уг мэдээлэлд дурджээ. 

Монгол Улсын Засгийн газар үнэхээр ч сэтгэл дундуур байгаагаа албан бичгээр хатуухан илэрхийлснийг эх сурвалж хэллээ. 2021 оны нэгдүгээр сарын 4-нд Засгийн газраас "Рио Тинто"-д хаягласан албан бичигт дурдсанаар манай улс "Оюу толгой" төслөөс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарсан нь эргэлзээ төрүүлж байгааг дурджээ. 

Уг албан бичигт "Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр тооцсон санхүүгийн тооцоолол нь Монгол Улсад ямар ч үр ашиггүй байгаа нь зөвхөн Монгол Улсын Засгийн газрын асуудал биш та бүхний хувьд ч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагаанд томоохон саад учруулахаар нөхцөл байдал үүсгэж байна. Мөн "Оюутолгой" ХХК ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2051 он хүртэл зөвхөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад төлөхөөр байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд ихээхэн эргэлзээ үүсгэж байна.

“Оюу толгой" ХХК ашгийн татварыг хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсад зайлшгүй төлөх ёстой гэж Засгийн газрын Ажлын хэсэг үзэж байна" гэжээ.

Түүнчлэн зөвхөн Оюутолгой XXK-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар тогтохгүй усны хэрэглээ, татварын тооцоо, үйл ажиллагааны олон хөрөнгө оруулалтын зардал, ажилтнуудын нийгмийн асуудал гэх мэт хөндөж ярих олон асуудал байгаа тул энэ бүхнийг цогцоор авч үзэж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэж найдаж байгаагаа Засгийн газар илэрхийлсэн байна.

Мөн Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулахаар төлөвлөж байгааг дурджээ. 

Хэрэв талуудын хэлэлцээ амжилт олохгүй бол Дубайн гэрээг цуцалж мэдэх бодит эрсдэл үүсээд байгааг энэхүү албан бичгийн агуулга илэрхийлж байна. 

"Оюу толгой" төслийн тухайд татварын маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Иймд татварын маргаантай асуудлаа эцэслэхээр хөрөнгө оруулагч талууд санал нэгтэйгээр арбитрын шүүхэд өнгөрсөн онд хандаад буй. 

Эргэн сануулбал:

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Оюу толгой" төслийн талаар асуудал хөндөгдөж, улмаар 130 сая ам.долларын татварын актыг 2013 онд хүргүүлж байв. 

Үүний улмаас далд уурхайн санхүүжилт хойшилж, төсөл зогсонги байдалд ороод байсан билээ. 

Тэгвэл 2014 оны есдүгээр сард татварын асуудал шийдэгдсэнийг тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээг үзэглэснээр татварын асуудал намжаад байв. 

Тэгвэл 2016 онд шинээр байгуулагдсан УИХ "Оюу толгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар татварын асуудал дахин сөхөгдөж, 155 сая ам.долларын татварын актыг 2018 онд тавьсан нь ийнхүү өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.   

Дубайн гэрээг хууль зөрчин байгуулагдсан гэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарчихаад байгаа бөгөөд УИХ өнгөрсөн оны төгсгөлд тогтоол гаргаж, "Оюу толгой"-н гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахаар болоод буй. Энэ талаар TRQ байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо гэж байсан юм.

Эдгээр асуудлыг эцэслэх арбитрын процесс үргэлжлэх явцад манай ТЕГ-аас дахин шинээр акт ногдуулсныг ОТ компани өмнөх асуудлуудтай давхцаж байгаа хэмээн үзсэн тул арибтрт нэмж материалаа өгөхөөр ажиллаж байгаагаа өнөөдөр мэдээлээд байна

Арбитрын шүүхийн үйл ажиллагаа 12-18 сар үргэлжилнэ хэмээн үзэж буй. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын өмнө далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал мөн үлдэж байна. Энэхүү төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага үүссэн бөгөөд санхүүжилт босгоход урьдчилан тогтсон нөхцөлөөр алтаа худалдах хувилбар багтаж байгаа билээ. 

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.