Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү гарсан төлбөрийг иргэд хариуцах тухай мэдэгдэл хийснээс хойш эрчим хүчний хэрэглээ 50-75 мВт-аар буурчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэл хийж, цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр "Сүүлийн өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ өссөнөөр зарим дүүрэг цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл гарсан. Бодит байдал ийм хэмжээнд хүртэл хүндэрсэн үү" гэх асуултад тэрбээр "Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор хэрэглээ өснө гэдгийг бид тооцоолсон байсан. Гэвч тооцоолсноос хоёр дахин өссөн. 100 орчим мВт-аар өснө гэж тооцсон ч 200 мВт-аар өссөн.

Үүнийг буруутгахгүй, гол нь зохиомол, зүй бус хэрэглэхээ болино уу гэж байгаа юм. Цахилгаан, дулааны эрчим хүч нь нарийн технологиор өндөр үнээр гардаг бүтээгдэхүүн. Иймд үр дүнтэй, зохистой хэрэглэхийг уриалж байгаа юм. 17:00-21:00 цагт оргил ачааллын үе. Энэ цагт л хэмнэлттэй горимоор ашиглах нь зөв.

Холбогдох албаныхан мэдэгдэл хийж, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг хэрхэн хөнгөлөх талаар танилцуулсны дараагаар буюу сүүлийн хоёр өдөр цахилгаан эрчим хүчний хэрэглээний оргил цагт ачаалал тогтворжиж байна.

Ялангуяа ахуйн буюу гэр хороолол, орон сууцны айл өрхийн хэрэглээ 10-15 мВт-аар буурлаа. Одоогоор үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан 17:00-21:00 цагт цахилгаан эрчим хүчний хэрэглээг хамгийн бага байхаар зохицуулахыг хүссэн. Байгууллагууд ч их дэмжиж, хэрэглээгээ 50-70 мВт-аар бууруулсан. Ингэснээр нийт хэрэглээ 50-75 мВт-аар буурч, үндсэндээ хэвийн горимд шилжиж байгаатай адил хэмжээнд очсон" хэмээн хариулав.