Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даах хугацаанд тоолуурын заалт, санхүү, үйл ажиллагааны бичилт хийгдэнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хугацаанд айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс даахаар болсон. Уг шийдвэртэй холбогдох журмыг боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэснээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Долоон сарын хугацаанд цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төр хариуцахтай холбоотой хоёр журам гарч байгаа. Нэг нь ашиглалттай холбоотой, нөгөөх нь санхүүжилттэй холбоотой журам бөгөөд Сангийн яамаар хянагдсан, ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргэсэн. 

Санхүүжилттэй холбоотой журамд төрийн болон хувийн өмчийн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 383 компанийн санхүүжилтийн харилцааг зохицуулахаар тодорхой заалтууд орсон. 

Цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төр хариуцахад төлбөрийн суваг л өөрчлөгдөхөөс биш бусад ажил хэвээр үргэлжилнэ. Тоолуурын заалт авна, санхүүгийн болон үйл ажиллагааны бичилт хийгдэж, нэгдсэн дүнгээрээ нэхэмжлэх нь Сангийн яам, Эрдэнэт үйлдвэр рүү очсоноор төлбөр тооцоог хийх учиртай. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлтөд хамрагдах 727 мянган хэрэглэгчийн нэрийн өмнөөс Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний салбарт төлөх юм.

Харин шинэ хэрэглэгчид энэ хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар тэрбээр "Журамд хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон найман заалт бий. Тодруулбал, 4.8-д Шинэ хэрэглэгчийн хэрэглээг төрөөс даах төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо хэрэглээний гүйцэтгэлийг үндэслэн ижил төстэй хэрэглэгчийн дүйцэхүйц хэмжээгээр олгоно гэж заасан.

Ижил төстэй хэрэглэгч гэдэг нь техникийн нөхцөл боломжууд гэж ойлгоно" гэлээ.