ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: 151 сургууль төсөв мөнгөгүйн улмаас ариутгал халдваргүйтгэл хийж чадаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бүх шатны боловсролын байгууллагад хяналт шалгалт хийх явцад зарим тушаал шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл бэрхшээл гарч байгаа аж.

Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/17 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гарч байгаа талаар болон НМХГ-аас гаргаж буй саналыг тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш танилцуулав. 

  • БШУ-ын сайдын А/17 тоот тушаалд бүлэг дүүргэлтийг 20-25 гэж тогтоон, нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг журамласан. Журамд заасан хэмжээг сургуулиуд баримтлах боломжгүй байна. Хүүхэд ганцаараа суух ширээтэй анги танхим маш цөөн тул өмнө нь 50-60 хүүхэд хичээллэж байсан үеийнхээс ширээ, сандлын тоо цөөрөхгүй. Ингэснээр нэг ширээнд нэг сурагч суухад 1-1.5 метр зайг баримтлах боломжгүй буюу хүүхэд хоорондын зай 40-50 см байна
     
  • Бага ангийн сурагчдын үдийн цайг өдөрт дөрвөн удаа бэлтгэн гаргахаар байгаа тул халдваргүйтгэл цэвэрлэгээнд хүндрэл гарах магадлалтай. Харьцангуй цөөн цаг хичээллэх учир тэжээллэг чанартай үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн өгөх оновчтой зохицуулалт хийх шаардлагатай. 
     
  • Ариутгал, халдваргүйтгэлийн бодис авах зардлыг төсөвт суулгаагүй. Нийт 501 сургуулийн халдваргүйтгэл хийсэн байдлыг шалгахад 350 нь хийжээ. 151 нь төсөв мөнгөгүйн улмаас халдваргүйтгэл хийгээгүй байна. Иймд ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг төсөвт суулгах шаардлага тулгарсан.
     
  • Үйлчилгээний ажилчдын асуудал ч мөн хөндөгдөж байна. 3,200 хүүхэдтэй сургуульд цэвэрлэгээ, үйлчилгээний долоон ажилтны орон тоо бий. Тэд 07:30-19:30 цагт ажиллаж, ачаалал нь ихсэж байгаа тул орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
     
  • Багш нар өмнө нь нэг ангид хичээл заадаг байсан бол одоо 60 орчим хүүхэдтэй ангитай бол өдөрт гурван ээлжээр ажиллах болж байна. Иймд БШУ-ын А/17 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах, ажлын ачааллыг эргэн харах нь зүйтэй хэмээлээ. 

Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах саналуудыг гаргасан байна. 

1. 2019 оны төлөвлөгөөт шалгалт, 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн тандалт судалгаагаар төрийн өмчийн сургуулиудын  48.2 хувь нь зориулалтын бус цайны газартай, 4 хувь нь цайны газаргүй. Харин төрийн бус өмчийн сургуулийн 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7.7 хувь цайны газаргүй байна. 

2020 оны хичээлийн жилд засвар үйлчилгээ хийгдээгүй тул гал тогооны тоног төхөөрөмж хуучирсан, ажиллагсад тогтвор суурьшилгүй, хүнсний зориулалтын тээврийн хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал арилахгүй байна. Тиймээс Үдийн цай хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, сурагчдын цайлах, хооллох хугацааны зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. 

2. COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалтын байгууллагууд нөөц бүрдүүлэх ёстой. Сургуулиуд өөрсдийн бололцоонд тулгуурлан 3-8 ширхэг хамгаалах хувцас, бээлий, улавчийг бэлтгэсэн ч цаашид нөөц бүрдүүлэх нэгдсэн тооцоо хийж, сайдын тушаалаар журамлах хэрэгтэй. 

3. Зарим сургууль гар угаах халуун, хүйтэн усаар тогтмол хангагдаагүй байгааг шийдвэрлэж, гараа халуун, хүйтэн усаар угаах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 

4. Хүүхдийн байгууллагын 20-30 хувь нь эмчгүй байна. Сургууль болон 10-аас дээш бүлэгтэй цэцэрлэгүүд эрүүл ахуйч эмч ажиллуулах, эмч мэргэжилтнүүдийг бодлого арга зүйгээр хангах, сургалтад хамруулах шаардлагатай байна.

Шалгалтын явцад гарсан эдгээр санал, тулгамдсан асуудлыг НМХГ-аас холбогдох газруудад хүргүүлэх аж.