Дэлхий нийтээрээ Эль Ниньогийн эрс тэс цаг агаарын үзэгдэлд бэлтгэлтэй байх хэрэгтэйг НҮБ анхаарууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Эль Ниньо хэмээн нэрлэгддэг агаар мандлын халалт үүсэх магадлал 80 хувьтай байгаа тул цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байхыг НҮБ-ын харьяа Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) анхааруулжээ.

“Номхон далайн тропикийн бүсийн усны ер бусын халалтаар Эль Ниньо үүсэх нөхцөл бүрдэж, дэлхий даяар агаарын температур, хур тунадасны хэмжээнд нөлөөлөх төлөвтэй байна” гэж Женевт төвтэй WMO-ийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Эль Ниньо бол экваторын бүслүүр дагуу Номхон далайн төв болон зүүн хэсгийн усны гадаргын температур нэмэгдэж, дэлхий дахины агаарын даралт, салхины хурд, хур тунадасны хэмжээнд нөлөөлдөг байгалийн үзэгдэл юм.

Энэ үзэгдэл хоёроос долоон жил тутамд нэг удаа тохиолдохдоо 9-12 сарын хугацаанд үргэлжилдэг байна.

Эль Ниньо болон Ла Ниньа хэмээх хоёр эсрэг үзэгдлийн хооронд дэлхийн уур амьсгал хэлбэлзэж байдаг юм.

Энэ оны зургаагаас наймдугаар саруудад Эль Ниньо үүсэх магадлал 80 хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд үүний улмаас “ган гачиг болох, эсвэл их хэмжээний хур тунадас унах, мөн хуурай газар болон далайн мандалд хэт халалт үүсэх” боломжтойг WMO-ийн тэргүүн Селесте Сауло анхааруулжээ.

Сүүлийн Эль Ниньо 2023 оныг түүхийн хамгийн халуун хоёр дахь жил, 2024 оныг түүхийн хамгийн халуун жил болгоход нөлөөлсөн гэдэг.

Тухайлбал 2024 он нь аж үйлдвэржилтийн өмнөх үе болох 1850-1900 оны үетэй харьцуулахад дэлхийн дундаж температур Цельсийн 1.55 хэмээр нэмж дулаарсан жил байжээ.

“Эль Ниньо бидний хаалганд тулж ирээд байна. Дэлхий нийт үүнийг цаг уурын яаралтай сэрэмжлүүлэг гэж үзэх ёстой. Эль Ниньогийн нөхцөл байдал нь дэлхийн дулаарлын гал дээр тос асгах болно. Цорын ганц үр дүнтэй арга бол чулуужсан түлшний донтолтыг зогсоох, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, бүх нийтийн эрт сэрэмжлүүлгийн системийг бий болгох зэрэг хямралтай тэмцэх цогц хариу арга хэмжээ юм” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдсэн байна.

Одоогоор дэлхийн 128 улс цаг уурын аюулт үзэгдлийг эрт сэрэмжлүүлэх систем хэрэгжүүлж байгаа бөгөөд 2027 оны эцэст бүх нийтийг хамруулах нь НҮБ-ын зорилт юм.

Эль Ниньогийн оргил үе арваннэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд тохиодог ч температурын огцом өсөлт нь ихэвчлэн үүний дараа ажиглагддаг байна.

 

Эх сурвалж: AFP