1
2

Б.Сарантуяагийн хувилуулсан бүх цомгийг дээр дээрээс нь давхарлаж тавивал 40-45 давхар барилгын өндөртэй дүйнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 31 минутын өмнө
IKON.MN
Б.Сарантуяагийн хувилуулсан бүх цомгийг дээр дээрээс нь давхарлаж тавивал 40-45 давхар барилгын өндөртэй дүйнэ
Зураг

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, ХХ зууны манлай эстрадын дуучин, поп дива
Б. Сарантуяагийн уран бүтээлийн тухай сонирхолтой тоо баримтуудыг хүргэж байна. Тэрбээр "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байгаа юм.

Цомог, Тоглолт

  • Анх 16 настайдаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж урлагт хөл тавьсан тэрбээр “Зууны манлай” дуучин болохдоо ердөө 29 настай байжээ.  
  • Тэрбээр 1986 онд “Мөнгөн харандаа”, 1989 онд “Сэтгэмж”, 1990 онд “Хөх тэнгэр” зэрэг хамтлагт дуулж байсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Тэр 22 настайдаа өөрийн анхны дуунуудаа бичүүлж, 24 тэйдээ анхны бие даасан тоглолтоо хийж, 25 тайдаа анхны соло цомгоо гаргаж, 26 тайдаа түүний нэрийн хуудас болсон “Аргагүй амраг” цомгоо гаргаж байжээ. 
зураг
 
  • 1996 онд гаргасан  “Аргагүй амраг” монголын анхны монгол поп этник цомогт өөрийнх нь хамаг сүнс шингэн орсон, илүү их энерги зарцуулсан байдаг гэдгийг тэрбээр онцолсон юм.

Уг цомог нь нийт хоёр удаа хэвлэлтэд орж, хамгийн их борлуулалттай цомгоос гадна хамгийн өндөр үнээр буюу $35,000-р бүтсэн гэдгээрээ онцлог аж. Тус цомгийнх нь талаар түүний фен группт “Сараад амжилт, хайр, алдар нэр, өр шир, хэл ам, өндөр үнэтэй тоглолт гээд бүгдийг өгсөн хамгийн хайртай цомог нь юм” гэжээ. 

зураг
 
  • Мөн тус ондоо орон нутгаар анхны аялан тоглолтоо хийсэн бөгөөд түүнээс хойш тэрбээр Монгол орноо долоон удаа тойрон тогложээ. 
  • Тэрбээр 1994 оноос хойш нийт 23 биет цомог гаргаснаараа монголд хамгийн олон цомогтой дуучин юм. Түүний хувилуулсан бүх цомгийг зэрэгцүүлээд тавивал дунджаар 14 км урт болно.

зураг
 
  • Бүх хувилуулсан цомгийг нь дээр дээрээс нь давхарлаж тавивал 40-45 давхар барилгын өндөртэй дүйнэ.
зураг
 
  • 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийснээр бие даан тоглолтоо хийсэн рок попын анхны эмэгтэй дуучин болжээ. Улсын циркт хоёр өдөр тоглосон уг тоглолтыг тухайн үед 1,325 хүн үзсэн байдаг аж. 

  • Тэрбээр 2000 оноос өөрийн уламжлал болсон төрсөн өдрийн тоглолтоо хийж эхэлжээ. Хамгийн анхны төрсөн өдрийн тоглолтынх нь үеэр тог тасарч байсан ба тухайн үед фенүүд нь харанхуйд асаагуурын гал асааж, төрсөн өдрийн дуу дуулж өгсөн нь түүний хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдөр нь байжээ. 

зураг
 

Мөн тус ондоо “Хайрын зөрлөг” нэртэй аялан тоглолтоор эх орноо хоёр дахь удаагаа тойрон тоглосон байна.

Зураг

Дуу

  • Б.Сарантуяагийн бүх дууг тасралтгүй сонсвол Улаанбаатараас дамжин нисэж, Нью-Йорк хүрэх хэмжээний нислэгийн хугацааг зарцуулна. 

зураг
 
  • Тэрбээр цомгийн дуунуудаас гадна сингл гэх мэт 300 гаруй дуутай ба энэ нь кареерийнхаа бүх хугацааны турш бараг 50 хоног тутамд нэг шинэ дуу гаргаж байсан гэсэн үг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • Тэрбээр зөвхөн өөрийн тоглолтдоо дээд тал нь 20-30-аад дуу дуулдаг ба тайзан дээр дээд тал нь 2 цаг 30 минут дуулдаг байна. Энэ богино хугацаанд бүх супер хит дуунуудыг нь хөтөлбөрт багтаах их хэцүү байдаг гэдгийг МУУГЗ, найруулагч С.Ононбат онцолсон юм. 

  • Түүний дуунд “Хайр, дуу, сэтгэл, шинэ” гэсэн үг хамгийн олон давтагддаг. 

  • Түүний хамгийн олон удаа тайзан дээр дуулагдсан дуу нь  “Миний аз жаргалын” дуу  

  • Түүний хувьд өөрийнх нь дуунуудаас хамгийн буруу ойлгогдож, хэлмэгдсэн дуу нь “Гоолингоо” бөгөөд хараалтай дуу гэж ярьдаг хэрнээ хүмүүс сонсох дуртай байдаг. Өөрөө ч хараалтай гэж огт боддоггүй гэсэн юм. 

  • Түүний хамгийн олон удаа тоглолтоо хийсэн тайз нь Бөхийн өргөө бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тэрбээр энэ тухайгаа “Өмнөх жилүүдэд ихэнх томоохон хамтлагууд цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн. Сүүлийн тэмээний ачаа хүнд байх болов уу” гэсэн юм. 

  • Тэрбээр оюуны өмчийг дээдэлдэг нэгэн бөгөөд Оюуны өмчийн хороо байгуулагдсанаас ердөө нэг жилийн дараа 1997 онд анх “Миний дуу” тоглолтдоо зохиогчийн эрхийн гэрчилгээ авч байжээ.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн тэрбээр өөрийнх нь дууг зохиож өгсөн бүх яруу найрагч, хөгжмийн зохиолч нартаа хүндэтгэлтэй хандаж хаана ч дуулсан дуулахаасаа өмнө нэрийг нь дурддаг байна. Энэ бол уран бүтээлч хүнд байх ёстой ёс зүй гэдгийг тэрбээр онцолсон юм.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮҮНИЙ УРЛАГТ 40 ЖИЛ-ХАЙРЫН БУРХАН ТОГЛОЛТ 2026.6.6-НД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛНО.