Хятадын эрх баригчид хоол хүргэлтийн үйлчилгээнээс “хий үзэгдлийн гал тогоо”-нуудыг цэвэрлэх арга хэмжээ авч эхэлжээ
Хятадын эрх баригчид тус улсын хурдтай хөгжиж буй хоол хүргэлтийн үйлчилгээнүүдээс “хий үзэгдлийн гал тогоо” хэмээх сөрөг үйл ажиллагааг арилгах шинэ зорилт тавьжээ.
Хоол хүргэлтийн үйлчилгээний аппликэйшнүүд дотор илэрдэг ч бодит амьдрал дээр байдаггүй ресторануудыг ингэж нэрлэдэг.
Эдгээр нь хуурамч рестораны нэр дор гуравдагч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг бөгөөд ийм аргаар зардлаа бууруулж, ашгаа өсгөдөг байна.
Эрх баригчид хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй, ийм зарчмаар үйл ажиллагаа явуулдаг мянга мянган “хий үзэгдлийн гал тогоо”-г илрүүлжээ.
Тиймээс энэ долоо хоногоос эхлэн хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдэд аппликэйшндээ бүртгэлтэй ресторануудын лиценз зөвшөөрлийг болон хаягийг баталгаажуулах, онлайн цэс нь бодит үйл ажиллагаатай тохирч байгаа эсэхийг, тухайн ресторан танхимаар үйлчилгээ үзүүлдэг эсэхийг нягтлан шалгах үүрэг өгчээ.
Өнгөрсөн онд Бээжин хотын нэг оршин суугч идэх боломжгүй цэцэгсээр чимэглэсэн бялууны талаар гомдол гаргасны дараа “хий үзэгдлийн гал тогоо”-г шалгах ажил эхэлсэн юм байна.
Тухайн иргэний аппликэйшнаар захиалсан бялууны үйлдвэрлэгч нь Хятадын томоохон платформуудаар дамжуулан 380 орчим хот суурин газарт үйлчилгээ үзүүлдэг мөртлөө ганц ч бодит салбаргүй байсныг илрүүлжээ.
Шалгалтыг үргэлжлүүлэхэд тухайн хуурамч ресторан захиалга авсныхаа дараа хамгийн хямд үнэ санал болгосон гуравдагч үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг сонгодог байсан нь илэрсэн байна.
Тэд томоохон долоон хоол хүргэлтийн аппликэйшнд 67,000 орчим “хий үзэгдлийн гал тогоо”-ны сүлжээ үүсгэснээс зөвхөн хоёр аппликэйшнаар нь дамжуулан нийт 3.6 сая ширхэг бялуу борлуулсан нь тогтоогдсон тухай Шиньхуа агентлаг өнгөрсөн сард мэдээлж байв.
Хэт өндөр шаардлага тавьж, ресторануудыг үргээхээс болгоомжилсон хүргэлтийн аппликэйшн эзэмшигчид тэдэнтэй хуйвалдаж байсныг бас илрүүлжээ.
Хоол хүргэлт бол Хятадад маш ширүүн өрсөлдөөнтэй байдаг бизнесийн салбаруудын нэг юм.
Өнгөрсөн онд томоохон хоол хүргэлтийн аппликэйшнүүдийн хооронд үнийн дайн дэгдэхэд засгийн газар хөндлөнгөөс оролцож, зохицуулахад хүрч байжээ.
Дөрөвдүгээр сард тус улсын зах зээлийн зохицуулалтын гол байгууллага Taobao, JD.com, Meituan, Pinduoduo зэрэг долоон платформд нийт 3.6 тэрбум юанийн ($530 сая) торгууль ногдуулсан нь ихэвчлэн “хий үзэгдлийн гал тогоо”-ноос хоол хүргэсэн зөрчилтэй холбоотой байсан юм.
“Хий үзэгдлийн гал тогоо”-той өрсөлдөхийн тулд зарим ресторанууд өөр өөрийн арга хэмжээг авч эхэлсэн байна. Тухайлбал зүүн бүсийн Ханжоу хотын 20 гаруй ресторан хоол бэлдэх үйл ажиллагаагаа бодит цагийн горимд шууд дүрсээр харуулдаг “ил тод гал тогоо” хэмээх горимыг нэвтрүүлжээ.
Хөрш зэргэлдээ Аньхуй мужийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Meituan, Taobao, JD.com компаниудтай хүнсний аюулгүй байдлын гэрээ байгуулж, хууль бус рестораныг илчилсэн хоол хүргэгчдийг шагнах систем бий болгосон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

