Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр үерийн улмаас хоёр хүн амиа алдаж, 19 гэр урсжээ

ikon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-69.0 мм бороо орсны улмаас Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  үер бууж, үерийн улмаас айлууд болон автозам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллажээ.

Үерийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 4,400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.

ОБЕГ-т ирсэн дуудлагууд:

  • Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/, Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
  • Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын  “Их-Элгэн” гэдэг газар нутаглаж байсан малчин М-ын 900 бог, 4 бод, Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1,000 орчим бог мал үерт өртөж хорогджээ.
  • Төв аймгийн Зуунмод суманд 181 айлын гэр, 4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан, мөн аймгийн Алтанбулаг суманд 200 өрх айл усанд автаж 30 хашаа нурж, 10 гэр урссан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхрын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргасан байна.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Мухар” гэдэг газар уруйн үерийн улмаас тус сумын  иргэн А-ын 4 ханатай гэр, 1,000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн “Банзарын хоолой” гэдэг газар иргэн Д-ийн 6 ханатай гэр, 2 мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн 5 ханатай гэр үерт урсжээ.
  • Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд круйзер” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат 2 иргэн, Малх багийн  “Банзарын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Мөн хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна.

Иймд гол мөрний сав эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа иргэдэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 


Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар