Ерөнхий сайдын пүрэв гариг бүрт сэтгүүлчидтэй уулздаг 30 минутын мэдээллийн цаг боллоо.
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлог ажлуудаа уламжлал ёсоор танилцуулсан юм.
Тухайлбал Баянголын аманд шинээр ашиглалтад орох гэж буй “Буман Өлзий” хорооллын бүтээн байгуулалт мөн Шинэчлэлийн Засгийн газраас тодруулж буй “Шинэчлэлийн баатрууд”-аар тодорсон дөрвөн хүнтэй өчигдөр оройн зоог барьсан талаар ярьсан юм. /Шинэчлэлийн баатруудын талаарх мэдээллийг Энэ тухай хэсгээс уншина уу/
Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт бизнес эрхлэгч нартай уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хүлээн авсан талаараа мэдээллээ.
Өнөөдөр “MN” мэдээллийн төвд Ерөнхий сайдыг тендергүйгээр "Бумбардай" хүүхдийн ном, Монгол хэлний тухай телевизийн хөтөлбөрт санхүүжилт хийсэн учир АТГ-д хандахаар болсон талаар иргэд мэдээлэл хийсэн юм.
Харин энэ тухай Ерөнхий сайдаас тодруулахад ““Бумбардай” 108 цуврал комик ном бол зүгээр нэг ном биш. Энэ Монгол ёс заншлыг ерөнхий боловсролын сурагчдад зурган буюу сонирхолтой хэлбэрээр хүргэх том ажил. Нөгөөх нь “Боловсрол суваг” телевиз мөн ерөнхий боловсролын сурагчдын Монгол хэлний хичээлийг сонирхолтой хэлбэрээр бэлтгэн хүргэх ажлыг өөрсдөө санаачлаад хийж байгаа. Түүнийг нь Засгийн газар дэмжсэн. Оюуны өмчийн хамгаалалттай энэ бүтээлүүдэд тендер зарлах нь зохимжгүй юм. Шалгадаг газрууд нь шалгаад учрыг нь олох байх. Шүүхээр явъя гэж байгаа бол шүүхдэж болно” гэлээ.
Нүүрсийг өндөр үнээр зарсан ч зараагүй ч айлууд аваад түлнэ. Харин өндөр үнэтэй байсныг бид өрхийн амьжиргааг бодож хямдруулж өгсөн.
Мөн Ерөнхий сайдаас айлуудад хямд үнээр нүүрс зарж утааг улам ихээр нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэлийн талаар асуухад “Нүүрсийг өндөр үнээр зарсан ч зараагүй ч айлууд аваад түлнэ. Харин өндөр үнэтэй байсныг бид өрхийн амьжиргааг бодож хямдруулж өгсөн. Гэр хорооллын 180 мянган өрхийн 140 мянгад нь бүрэн шаталттай зуух өгсөн байгаа. Харин энэ жил 40 мянган айлд нь тарааж өгнө. Мөн бид нүүрс боловсруулах тал дээр чаддаг газраар нь хийлгэхээр хэлэлцэж байна. Хэрвээ утааг арилгах ажлыг Засгийн газарт бүрэн даалгавал энэ ажлыг хийгээд явж чадна” гэлээ.
“Манай улсаас БНХАУ-ын “Чалько”-д нийлүүлж байгаа нүүрсний эргэн төлөлт энэ онд дуусах ёстой ч он дамжих магадлалтай байгаа. Монгол улсын төлөх өрийн хүү нэмэгдэх үү” гэсэн асуултад “Манай “Эрдэнэс таван толгой” компани нүүрсээ хангалттай гаргаж байгаа. Харин тээвэрлэлтийн асуудлыг “Чалько” өөрөө хариуцаж байгаа учраас манай улсын төлөх өр, хүү нэмэгдэнэ гэсэн асуудал байхгүй” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|