Иргэн Б.Энхбаяр, Т.Сайханжаргал нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулах гэж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ.
Учир нь 2013 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд Ерөнхий сайдын багцанд батлагдсан 50 тэрбум төгрөгийн 500 сая төгрөг нь ямар ч хяналт тооцоогүй зарцуулагдсан гэж тэд үзжээ.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж, төсвийн хөрөнгийг хуулиас гадуур зориулалтын бус эх үүсвэрийг санхүүжүүлэхэд зарцуулсан, ингэхдээ тендер огт зарлаагүй, шууд гэрээ байгуулах замаар мөнгө гаргасан, санхүүжилтийг хийсэн этгээд нь эрх бүхий бус, эрх зүйн чадамжгүй этгээд байсан, мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй байна гэсэн юм.
Ерөнхий сайд 2013-06-28-ны өдөр 101 тоот захирамж гарган төсвийн багцад тусгагдсан Засгийн газрын шинэ бодлогын нөөцийн 50 тэрбумаас "Эх хэлний эзэд" медиа хөтөлбөрт 293.1 сая, “Бумбардай” комикс есөн цуврал номыг санхүүжүүлэхэд 255.6 сая төгрөгийг шилжүүлэх эрхийг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг, Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгожээ.
Ийнхүү захирамж гаргах үед тус байгууллагуудтай ЗГХЭГ ямар нэг хэлцэл байгуулаагүй, тендер зарлагдаагүй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Eрөнхий сайд энэхүү захирамжаараа эдгээр байгууллагатай эл үнийн дүнгээр хэлцэл байгуулж, мөнгө шилжүүлэх эрхийг өгсөн байна.
Үүнийх нь дараа буюу 2013 оны долдугаар сарын 4-ний өдөр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбилэг “Нүүдлийн зурган өгүүлэмж” байгууллагын тэргүүн Н.Эрдэнэбаяр нарын хороонд гэрээ байгуулагдан улмаар эхний 127 сая 800 мянган төгрөгийг Голомт банкны 1410009606 тоот данс руу шилжүүлсэн байсан гэнэ.
Энэхүү үйлдэлд анхаарал татсан хэд хэдэн үйлдэл байна гэж Б.Энхбаяр, Т.Сайханжаргал нар хэлсэн.
1. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 101 тоот захирамжийг хэлцэл байгуулагдахаас 7 хоногийн өмнө гаргасан байсан.
2. “Бумбардай” хүүхдийн номыг санхүүжүүлэх эх үүсвэр МУ-ын Төсвийн хууль, Төсвийн байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй.
3.Уг номыг санхүүжүүлэх, гэрээ хэлцэл хийхтэй холбоотой аливаа хэлбэрийн тендер, сонгон шалгаруулалт явагдаагүй. Хууль тогтоомжоор 50 саяаас дээш төгрөгийн бараа, 80-аас дээш сая төгрөгийн ажилд заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг хийдэг журамтай.
4. “Бумбардай” цуврал номыг санхүүжүүлэх гэрээнд уг ном нь ямар бүтэц, агуулгатай, хичнээн хэвлэлийн хуудастай, ямар хэмжээ, чанарын шаардлага хангасан байх зэрэг гэрээний гол үндсэн шаардлагын талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй.
5. Уг хэлцлийг хийгч “Нүүдлийн зурган өгүүлэмж” гэх төрийн бус байгууллага нь 2013 оны гуравдугаар сард 20 мянган төгрөгийг өөрийн хөрөнгөтэйгээр байгуулагдсан гэх бөгөөд “Бумбардай” комикс зохиолд оюуны өмчийн гэрчилгээг Оюуны өмчийн газрын даргын долдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар олгож, мөн тус газраас 256 сая төгрөгөөр номын эх зохиолыг үнэлсэнээ тухайн сарын 3-ны өдөр баталгаажуулсан байсан гэнэ.
Гэтэл МУ-ын Ерөнхий сайд Оюуны өмчийн газраас урьтаад зургаадугаар сарын 29-д захирамж гаргаад энэ үнэлгээг баталчихсан байсан гэлээ.
Иймд Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт явуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!