2023 оны зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Уг хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 12 жилийн ял сонссон ламхайн ар гэрийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэд "Хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдохгүй байхад манай дүүг буруутай гэж үзсэн. Дүү маань 2011 онд Энэтхэгт явж 12 жил суралцаад ирсэн. 2023 оны хоёрдугаар сард ээжийн маань бие муудаж ядруу байсан тул асрахаар Монголд ирсэн хүүхдийг ялтан болгочхоод сууж байна.
Энэ улсад жирийн нэгэн гэр бүл хэнд ч гай болохгүйгээр аз жаргалтай амьдарч болохоо больсон юм уу. Ээж маань бөөрний архаг дутагдал оноштойгоор эцсийн шатандаа орсон.
Олон жил гадаадад байсан тул Монголын орчин нөхцөлийг сайн мэдэхгүй. Юу болоод байгааг ч анхандаа мэдэхгүй, байцаагч нь загнасаар байгаад хүчээр гарын үсэг зуруулсан. Дүү маань хэрэг болсон гэх цаг хугацаанд Монголд байгаагүй. Хууль хяналтын байгууллагынхан хэрэг болсон цаг, өдрийг байнга өөрчилж хэлдэг.
Хохирогч хүүхдүүдийн ар гэрээс биднийг байнга дарамталж, сүрдүүлдэг.
Сүүлийн хоёр жил энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар явж байна. Энэ хугацаанд хэрэгт холбогдолтой гэдгийг нотлох баримт гарч ирээгүй. Худал мэдээлэл гэдгийг нь цаг тухайд нь бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг. Хохирогч хүүхдүүд "Энэ ах намайг яагаач гүй. Би худлаа хэлсэн юм" гэж ярихыг нь сонссон гэрч бий. Уг яриаг нь хүртэл шүүхэд гаргаж тавьсан.
Анхнаасаа хэрэг болсон гэх цаг хугацаа нь худлаа байсан. Хэрэг болох үед Монголд огт байгаагүй хүнийг буруутай гэж үзсэн. Бид бүх нотлох баримтыг нь гаргаж тавьсан ч нэмэр болоогүй.
Шүүгч нь нотлогдохгүй хэрэг байна гэж ярьж байснаа завсарлагын дараа шийдвэрээ танилцуулж, 12 жилийн ял оноосон.
Хүний эрхийг дээдэлдэг байгууллага байдаг бол бидэнд хуулийн зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Миний дүүг гүтгэж, худлаа яриад байгаа хүмүүсийг гэмт хэрэгтнүүд юм байна гэж харж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!