Монгол Улс 2025 оны эхний таван сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрчээ.
Үүнээс
- Экспорт 5.4 тэрбум ам.доллар,
- Импорт 4.5 тэрбум ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарсан ч энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 55 хувь буюу 1.1 тэрбум ам.доллароор буурчээ. Нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувь буюу 932.9 сая ам.доллароор буурч, импорт 3.3 хувь буюу 144.9 сая ам.доллароор өсөв.
2025 оны эхний таван сарын нийт экспортын 95.3 хувийг уул уурхайн, 2.6 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Экспорт 932.9 сая ам.доллароор буурахад
- нүүрсний экспорт 1.6 тэрбум ам.доллар буюу 40.8 хувиар, биет хэмжээгээр 764.6 мянган тонноор буурч, 31.8 сая тоннд хүрсэн
- Угаасан ноолуур 61.9 сая ам.доллароор,
- Боловсруулаагүй газрын тос 31.1 сая ам.доллар буюу 22 хувиар
- Хонь, ямааны мах 20.2 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна.
Харин зэсийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 701.8 сая ам.доллар буюу 61 хувиар, биет хэмжээгээр үзвэл 209 мянган тонноор өсөж, 852.1 мянган тоннд болж өссөн байна.
2025 оны эхний таван сард хилийн дундаж үнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал
- Алтны үнэ унц тутамд 732.4 ам.доллар,
- Зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 361.1 ам.доллароор тус тус өсөж,
- Төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 9 ам.доллар,
- Нүүрсний үнэ тонн тутамд 47.2 ам.доллароор буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!