Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн 28 хувь нь цалингийн, 7.8 хувь нь тэтгэврийн зээл байна
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны тавдугаар сарын эцэст 40.6 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.5 хувь буюу 9.3 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 816 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Зээлийн өрийн үлдэгдэл 29.5 хувиар өсөхөд:
- Иргэдийн зээлийн үлдэгдэл 31 хувь буюу 5.8 их наяд төгрөгөөр,
- Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 23.5 хувь буюу 2.9 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэд, 37.5 хувь нь хувийн байгууллага, 1.1 хувь нь төрийн байгууллага, 1.4 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагуудынх байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
- 90.6 хувийг хэвийн зээл,
- 4.2 хувийг анхаарал хандуулах зээл,
- 5.2 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.
Иргэдийн зээлийн үлдэгдэл 2025 оны дөрөвдүгээр сарын эцэст 23.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.7 хувь буюу 6.1 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 550.8 тэрбум төгрөгөөр өсжээ.
Иргэдийн зээлийн нийт үлдэгдлийн дүнд эзлэх хувь:
- Цалингийн зээл 28 хувь
- Тэтгэврийн зээл 7.8 хувь
- Хадгаламж барьцаалсан зээл 7.1 хувь
- Малчны зээл 5.4 хувь
- Өрхийн хэрэглээнд зориулсан зээл 2.5 хувь
- Картын зээл 0.8 хувь
- Автомашины зээл 0.4 хувь тус тус эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
