Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун болон хийн түлш түгээх станцууд болон тэдгээрийн агуулах, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Энэ талаар НХШГ-ын дарга С.Энхбаяр "Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх болон хийн түлш түгээх станцууд болон тэдгээрийн агуулах, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байна.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий компанийн шатахуун агуулахын газарт шалгалт хийж, зөвшөөрөлгүй 100м.куб багтаамжтай, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман савыг долоо хоногийн хугацаанд зөөвөрлүүлж, хотоос гаргасан.
Шатахууны 28 агуулахын стандарт норм, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, газрын тосны бүтээгдэхүүнийг хэрхэн шахаж байгаа зэргийг шалгалаа. Эдгээр агуулахад 188 заалт бүхий 24 албан шаардлага өгч, биелэлтүүд ирсэн байгаа.
Хүн ам олноор суурьшсан газарт байрладаг 53 ШТС-д шалгалт хийж, 480 орчим заалт бүхий 45 албан шаардлагыг ААН-үүдэд өгсний дагуу зөрчлийг арилгах биелэлтүүд 80 орчим хувьтай байна.
Тэсэрч, дэлбэрэх бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа ААН-үүд аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг сургалтад хамруулж буй эсэх шалгалтыг үргэлжлүүлнэ" гэж мэдээллээ.
Нийслэлийн төвийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа 53 ШТС-д шалгалт хийхэд долоо нь зөвшөөрөлгүй байсныг зогсоожээ. Эдгээрээс хоёр ШТС зөрчлөө арилгасан тул үйл ажиллагааг нь сэргээсэн байна. Гурван дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим ШТС-ын ил савыг газар доор байршуулах, торгох арга хэмжээ авчээ.
Орон сууцны барилгад ойр байрлаж байгаа ШТС-уудын 60 гаруй хувь нь автомат түвшин хэмжигчтэй бөгөөд галын аюулгүй байдлыг хангаж операторын байрнаас шатахууны ууршилтыг хэмждэг байна. Ингэснээр ШТС-ын шатахууны савыг нээж, хэмжихээ больжээ.
Нийслэлийн хэмжээнд ШТС-ын тоо нэмэгдэхгүй ч нормд заасан хэмжээнээс 2.4 дахин их байгааг улсын байцаагч тодотгов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!