Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах "Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд явган хүний зам тавихаар болжээ.
Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр: "Улаанбаатар Америк" сургуулийн орчимд явган хүний замгүйгээс иргэд, хүүхдүүд автомашины замаар явдаг. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн зүүн талд явган хүний зам тавина.
Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн: 11 дүгээр хороонд байрлах "Улаанбаатар Америк" сургуулийн орчимд "Явган явах боломжгүй байна" гэсэн хүсэлтүүд иргэдээс ирсэн. 2024 оны төсвөөр уг хэсэгт явган хүний зам тавих тендерийг зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан байсан юм.
Гэвч цэвэр усны шугам тавих ажил хийгдэх тул нэг жилээр хойшлуулсан. Энэ жил ажлаа түргэтгэхээр Хотын стандартын газарт хандсан юм. Хотын стандартын газраас "Улаанбаатар Америк" сургуулийн удирдлагуудтай холбогдож, хашаагаа татах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн учраас явган хүний замыг тавихад бэлэн байна" гэж ярилаа.
НХШГ-ын авто замын улсын байцаагч И.Ариунболд "Тухайн хэсэгт явган хүн, тээврийн хэрэгсэл зэрэг зорчдог. Стандартын дагуу хамгийн багадаа 1.5 ба түүнээс дээш метрийн өргөнтэй явган хүний замыг тавих шаардлагатай байгаа" гэв.
Ирэх долоо хоногоос "Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд явган хүний зам тавих ажлыг эхлүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!