Украины дайны нөлөөгөөр сүүлийн таван жилд Европын зэвсгийн импорт нэмэгдэж, Оросын зэвсгийн экспорт буурчээ

Т.Давааням, ikon.mn
4 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Шведийн SIPRI (Stockholm International Peace Research Institute) хүрээлэн 2025 оны дэлхий дахины зэр зэвсгийн худалдааны талаарх судалгааны тайлангаа нийтэлжээ.

2021-2025 онуудад дэлхий дахины зэр зэвсгийн худалдааны нийт хэмжээ өмнөх таван жилийн хугацаатай харьцуулахад 9.2 хувиар өсөхөд Украины дайн голлон нөлөөлсөн байна.

Тухайлбал Европ тив өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч болж, нийт импортод эзлэх хэмжээ нь 33 хувь болжээ. Тус тивийн орнуудаас Польш, Их Британи улсууд зэвсгийн худалдан авалтаар тэргүүлсэн байна.

Энэ нь Европын орнууд Украинд нийлүүлэх зорилгоор голчлон АНУ-аас зэвсэг худалдан авч байгаатай холбоотой ажээ.

Европ дахь НАТО-гийн гишүүн 29 улсын импортын хэмжээ 2016-20 онуудаас 2021-25 онуудын хооронд 143 хувиар өссөний 58 хувь нь АНУ-д ногдож байна.

АНУ-ын дараа 8.6 хувийг Өмнөд Солонгос, 7.7 хувийг Израил, 7.4 хувийг Франц улс тус тус нийлүүлжээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд зэр зэвсгийн импорт нь өссөн дэлхийн цорын ганц бүс нутаг Европ тив болсон байна.

Харин дэлхийн хамгийн том зэвсэг экспортлогч АНУ хэвээр байжээ. Тус улсын 2016-2020 онуудын дэлхийн зэвсгийн экспортод эзлэх хэмжээ 36 хувь байсан бол 2021-2025 онуудад 42 хувь болж өсөхөд Европын худалдан авалт нөлөөлсөн байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд АНУ дэлхийн 99 улсад зэвсэг нийлүүлсний 35 нь Европ, 18 нь Америк, 17 нь Африк, 17 нь Ази, Номхон далай, 12 нь Ойрх Дорнодын орнууд байжээ.

АНУ-ын дараа дэлхийн топ 10 зэвсэг экспортлогчид 9.8 хувьтай Франц, 6.8 хувьтай Орос, 5.7 хувьтай Герман, 5.6 хувьтай Хятад, 5.1 хувьтай Итали, 4.4 хувьтай Израил, 3.4 хувьтай Их Британи, 3 хувьтай Өмнөд Солонгос, 2.3 хувьтай Испани улсууд жагссан байна.

Топ 10 экспортлогчоос ганцхан Орос улсын экспортын хэмжээ буурчээ. 2021-2025 онуудад тус улсын дэлхийн зэр зэвсгийн экспортод эзлэх хэмжээ өмнөх таван жилийн 21 хувиас 6.8 хувь болж буурсан байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Орос улс дэлхийн 30 улс болон нэг улс биш худалдан авагчид зэвсэг нийлүүлсний 74 хувийг зөвхөн Энэтхэг, Хятад, Беларусь улсуудад бүрдүүлжээ.

 

Эх сурвалж: SIPRI