Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"2020 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэж байгааг 23-аар нь үлдээхээр болж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Дуурийн театр болон Драмын театрыг нураалгачихгүйн тулд хориг тавьсан ч Байнгын хороо хүлээж авсангүй-

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.

Хуралдааны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр:

"Байнгын хорооны гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар багасгах саналыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны Төсвийн тухай хуулийн 3-р зүйлийн орлого ба зарлагаас тус бүр 172 тэрбумыг хасна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэж байгааг 23 дээр нь зогсоож, 2 хувиар нэмсэн 2017 оны хуулийг өөрчлөхөөр болсон.

Харин бусад хоригийг хүлээж аваагүй. Үүнд Төсвийн хөрөнгө оруулалтын 2-р хавсралтад байгаа 386 барилга, арга хэмжээний тухай байв.

Тухайлбал, 2020 оны төсөв 386 барилгын 350 тэрбум байгааг хасахаар оруулсан ч зөвшөөрсөнгүй. Манай хориг хоёр хавсралттай. Сүүлийн хавсралтад 10 барилгыг дурдсан. Үүнд драмын болон Дуурийн театр багтаж байгаа.

Драмын театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 52 тэрбум бөгөөд ирэх онд хоёр тэрбумыг төсөвлөсөн байна. Харин Дуурь, бүжгийн театрыг шинэчлэн барих нийт төсөвт өртөг 54.6 тэрбум байгаагаас ирэх онд хоёр тэрбумыг төлөвлөсөн байгаа юм.

Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Ирэх онд төсөвлөөд буй хоёр тэрбум нь яг юунд зарцуулагдахыг сайн мэдэхгүй байгаа ч Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Тиймээс мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хүлээж авсангүй. 

Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж бий. 2016 оны хоёрдугаар сард хууль нь батлагдан хэрэгжих ёстой байсан. Хуулийн дагуу тусгай корпорац байгуулагдаж, сангийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан бөгөөд Сангийн яамнаас ангид байлгахаар төлөвлөсөн байсан ч МАН Засгийн эрхийг аваад одоог хүртэл корпорацыг байгуулаагүй өдийг хүрч байна" гэлээ.

Корпорациа байгуулахгүй байсаар Сангийн яамдаа өгөх гэж байгаа нь энэ хуулийг байхгүйтэй адил болгож байгаа юм. 

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улсын төсвийн хэдэн хувь нь бүтээн байгуулалтын хэдэн хувийнх нь мөнгө тусгагдаад байна вэ?

-2020 оны төсөвт суусан олон их наяд төгрөг нь 2018, 2018 оны үргэлжлэлүүд байгаа. Ерөнхийлөгч 2020 ондоо эхлээд тухайн дуусах болон өмнөх онуудаас шилжсэн барилгуудад хориг тавиагүй. 

Харин 2020 онд дөнгөн данган эхлүүлээд он удаан жил үргэлжлэх барилгуудад хориг тавьсан. Яагаад гэвэл, ирэх оны зун сонгууль болж, УИХ шинэчлэгдэх учир шинэ УИХ нь өөрсдөө шийдэг гэж үзсэн.

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболдод ямар арга хэмжээ авах вэ?

-Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тухай бичиг бидэнд ирээгүй. Э.Оюунболд шинжилгээ авдаг хүмүүсээ АТГ-т шалгуулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Шүүхдэж байгаа учраас бид шийдэж болохгүй байна.