Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"НДШ-ийг нэмэгдүүлэхэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Харин Төсвийнхийг хүлээж авахгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн ирэх оны төсвийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд тавьсан хориг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээллийг сонссон байна.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "2020 оны төсвийн тухай хууль болон Ирээдүй өв санд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хоригийг хэсэгчлэн хүлээн авч болно гэсний дагуу дээрх шийдвэрийг гаргаад байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Ерөнхиийлөгч арванхоёрдугаар сарын 3-нд Өмгөөллийн тухай хуульд хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй холбоод байх ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж байгаа нь буруу. Олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлж бичиг ирүүлсэн.

-Хөрөнгө оруулалтын төсвүүдэд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж байгаа үндэслэл нь юу вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хоригийг хүлээж авах юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Д.Тогтохсүрэн: -Төсвийн тухай хууль батлагдчихсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад төсвөө баталчихсан. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаад төсвөө дараагийн шатны байгууллагууд руугаа явуулчихсан учраас төсвийн тухай хуулийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. 

Их хурлаас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.