Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын яам хараагүй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна уу?

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: worldblindunion.org

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдээллээр манай улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт 11,071 хараагүй иргэн бий гэсэн судалгаа гарчээ.Тэгвэл харааны бэрхшээлтэй 0-17 насны 1,200 хүүхэд байна.

Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийг ирээдүйд халамжлуулагч биш, баялаг бүтээгч болгох үндэс нь боловсрол. Тэгвэл тэдгээр хүүхдэд боловсрол тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа эсэхийг сурвалжлах зорилгоор хамгийн түрүүнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг зорилоо. 

Брайл сурах бичгийг албан ёсоор хэвлэдэггүй учраас багш нар өөрсдийнхөө нөөц бололцоогоор сургууль дээрээ хэвлэн гаргадаг

Тус сургуульд энэ жил 124 хүүхэд суралцаж байна. Сургууль болон сурагчдын хувьд тулгардаг хамгийн хүндрэлтэй зүйл нь ном, сурах бичиг гэдгийг сургалтын менежер Э.Нүрзэд хэлсэн юм. Тэрбээр “Брайл сурах бичгийг албан ёсоор хэвлэдэггүй учраас багш нар өөрсдийнхөө нөөц бололцоогоор сургууль дээрээ хэвлэн гаргадаг. Манай сургуульд 2017 онд Японы хөрөнгө оруулалтаар брайл хэвлэх принтер өгсөн. Гэвч брайл ном хэвлэх программын тусгай зөвшөөрөл нь жилийн хугацаатай учраас хүндрэлтэй. Энэхүү программ нь кирил үсгээс брайл руу хөрвүүлдэг юм. Ер нь багш ажилчид өмнөх өдөр нь брайл материал, гарын авлага бэлтгээд маргааш нь хичээлээ заадаг” хэмээн ярилаа. 

116 дугаар сургуулийн багш нар өмнө нь 1-12 дугаар ангийн Монгол хэлний хичээлийн сурах бичгийг хэвлэж байсан аж. Мөн “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” өнгөрсөн жил Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 1-3 дугаар ангийн брайл сурах бичгийг хэвлэж өгчээ. Уг төслийн хүрээнд хоёр принтер авч, 200 гаруй ном хэвлэсэн байна.

Харин гурваас дээш ангийнхныг сурах бичгээр хэрхэн хангах нь тодорхойгүй байна.   

“Монголын хараагүйчүүдийн холбоо” ТББ дэргэдээ 2004 онд ярьдаг ном, брайль сурах бичгиг хэвлэх төв байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш тэд өнөөг хүртэл хандив дэмжлэгээр ном сурах бичгээ хэвлэж, нөөцөө бүрдүүлэхийн төлөө ажилласан байна. БСШУС-аас 2015 онд есдүгээр ангийн англи хэл, нийгэм, мэдээллийн технологийн сурах бичгийг хэвлэх зардлыг гаргажээ. Харин тэр үеэс хойш брайл сурах бичгийг “Монголын хараагүйчүүдийн холбоо” өнөөг хүртэл бэлдэж байгаа аж. 

 

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл “Харамсалтай нь сурах бичгийн хүрэлцээ үнэхээр алга. Манайх хандив дэмжлэгээр тусгай цаасаа олж авдаг. Тэр цаасаар хамгийн эхэнд 116 дугаар сургуулийн хүүхдүүдэд зориулан үлгэрийн болон өөр төрлийн ном хэвлэж өгсөн. Эдгээр ном зөвхөн тухайн тусгай сургуульд л очиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдад бид хүрч ажиллаж чаддаггүй. 

Ном, сурах бичиг хэвлэхэд БСШУСЯ хэдэн тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэгсэн мөртлөө хараагүй хүүхдүүдийг орхигдуулдаг. Үүнийг ялгаварлан гадуурхалт гэж ойлгохоос өөр аргагүй. Ялгаварлан гадуурхах гэдэг нь “Чи цаашаа бай” гэсэн үг биш. Харин адилхан сургуульд суулгачихаад надад ном өгөхгүй, бусад хүүхдэд номыг нь өгөөд байгаагаас ялгаагүй зүйл. Ийм учраас Боловсролын яам хараагүй хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Энэ оны хичээлийн шинэ жилээр 141 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид нэг хараагүй хүүхэд оруулсан бөгөөд ном, сурах бичиг, туслах багшийн асуудлыг тус төв шийдэж өгчээ. БСШУСЯ-наас Тэгш хамруулах сургалтын талаар журам гаргасан. Гэвч тухайн хүүхдийг энгийн сургуульд оруулахад ямар ч дэмжлэг байхгүй тул өөрсдөө хариуцаарай хэмээснийг Д.Гэрэл нуусангүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд, Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн тухайн жилийн төсөвт тусгана гэж заажээ. Энэ хууль 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хэрэгжилт ямар түвшинд байгааг дээрх тохиолдол харуулж байна.

Ирэх оноос брайл сурах бичгийг хэвлэж өгнө үү гэсэн санал манайд ирээгүй байна

Ингээд БСШУСЯ-нд очиход холбогдох албаны мэргэжилтэн 2015 онд хэвлэсэн есдүгээр ангийн англи хэл, нийгмийн ухаан, технологийн брайл сурах бичгийг танилцуулав. Тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням “Ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж байгаа бүхий л сурах бичгийн эхийг ашиглах эрх нь манай яаманд бий. Харин бүтээлийн эрх нь зохиогчид нь байдаг. Тийм ч учраас хэн дуртай нь ном сурах бичиг аваад ашигладаггүй. Ирэх оноос брайл сурах бичгийг хэвлэж өгнө үү гэсэн санал манайд ирээгүй байна. 

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн дээр тодорхой зарчим бий. Тодруулбал, тухайн хүүхдүүд аль болох ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр явдаг. ЕБС-ийн бусад хүүхдийн сургалтын хөтөлбөрөөр явахаар тохирохгүй шүү дээ. Хамгийн гол нь онцлогт нь нийцүүлэх хөтөлбөрийг сургууль, багш нар өөрсдөө боловсруулж хэрэгжүүлдэг юм. Үүнийг дагалдаад хэрэглэгдэхүүн нь өөр болж хувирна шүү дээ. Тиймээс аль болох сургууль дээрээ ном, сурах бичгээ бэлтгэх боломж бололцоог нь бүрдүүлэх чиглэл барьдаг. Энэ ч утгаараа брайл ном хэвлэх машиныг 2012 оны үед нийлүүлсэн. Ингэхээр суралцаж буй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн ном, сурах бичгийг сургууль дээр нь гаргаад хэвлээд өгөх боломж бий болно. Түүнээс ЕБС-д хэрэглэж буй ном сурах бичгийг шууд өгвөл хүүхдэдээ тохирохгүй учраас үр ашиггүй болох талтай" гэсэн хариулт өгсөн юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тухайн харьяаллын энгийн сургуульд сурч болох тухай журам гарахад маш их баярласан

 

141 дүгээр сургуулийн сурагч Э.Өлзийтогтохын ээж Х.Дэлгэрмөрөн “Манай нийгэмд хүмүүс тусгай сургуулийн хүүхдүүдийг эвий дээ, чааваас даа, энэ чаддаг болов уу гэсэн харцаар хардаг. Харин би хүүхдэдээ тийм харц мэдрүүлэхийг хүсээгүй. Хүүхэд харахгүй ч гэсэн бусдаас дутахгүй сурна, хүмүүжнэ, амьдарна. Азаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тухайн харьяаллын энгийн сургуульд сурч болох тухай журам гарахад маш их баярласан. Ер нь бусадтай адилхан бүх зүйлийг хийж чадна гэсэн итгэлийг хүүхдэдээ багаас нь өгөх үүднээс энгийн сургуульд оруулахаар хоёр жилийн өмнөөс зорьсон юм” гэдгээ ярилаа.

Түүний хүүхэд энгийн сургуульд сурч эхэлснээр ангийнх нь 35 сурагч харааны бэрхшээлтэй хүүхдийн талаар тодорхой ойлголттой болохоос гадна тэдний эцэг эх ч мэддэг болж буй. Үүнийг дагаад ангийн хүүхдүүд эерэг зөв хандлагатай, хүү нь олон найзтай болсон талаар тэрбээр дурдсан. “Хүү маань найзуудынхаа өмнө гарч дуу, шүлгээ уншина. Биеийн тамирын хичээлийн үеэр ангиас нь хэн нэг нь хөтлөөд заал тойрч гүйдэг гэж байгаа. Хүүхдүүд үүнийг саад бэрхшээл гэж хүлээж авалгүй, найздаа тусалж байгаа нь үнэхээр сайшаалтай. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийгэмших тал дээр маш ахиц дэвшилтэй нь ажиглагдсан” гэлээ.

Тэрбээр хүүгээ хөгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээгээр суралцаж, одоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр ажиллаж байгаа эмэгтэй юм.  

Э.Өлзийтогтохын анги даасан багш “Ер нь нэгдүгээр ангиас хүүхдийг энгийн сургуульд өгөх нь зөв гэдгийг ажиглалаа. Хүүхдүүд анхнаасаа найзалж нөхөрлөөд,нэгэндээ тусалж дэмжээд явчихна. Цаашдаа дунд, ахлах ангид орсон ч нэг нэгнийгээ хаяхгүйгээр нөхөрлөх хэмжээний суурь тавигдаж байна” хэмээн ээжид нь ярьсан тухай Х.Дэлгэрмөрөн мөн дурдав. Учир нь тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд гуравдугаар ангиасаа энгийн сургуульд шилжиж ирэхэд хүүхдүүд бүгд хэсэг хэсгээрээ нийлдэг болчихсон тул тухайн хүүхэд найз нөхөдгүй ганцаардаж эхэлжээ. Улмаар ээж аав нь өөр сургуульд хандахад хүрсэн жишээ мэддэг тул бага ангиас нь энгийн сургуульд өгөхийн ач холбогдлыг ийнхүү онцлон хэлсэн юм. 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо харааны бэрхшээлтэй хүүхдийн ном хэвлэх тухай саналаа БСШУСЯ-нд өгч байжээ. Энэ талаар Д.Гэрэл захирал “Өнгөрсөн онд Боловсролын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан сурах бичиг хэвлэсэн гэж мэдээлсэн. Гэвч тэр нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хялбаршуулсан сурах бичиг байв. Хөгжлийн бэрхшээл болгон хоорондоо харилцан адилгүй шүү дээ. Хараа, сонсгол, хэл яриа, хөдлөх тулах, оюуны бэлхшээл зэрэг ялгаатай онцлог хэрэгцээг анхаарч үзэх ёстой. Тодруулбал, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж  ном хэвлэчихээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ном хэвлэсэн гэж ярьж болохгүй. Хараагүй, сонсголгүй хүүхдэд тэр ном сурах бичиг хүртээлгүй шүү дээ” гэдгийг хэлэв. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дунд сургуульд анхнаас нь энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулах нь нийгэмшихэд илүү үр дүн өгдөг гэж үздэг

Хоёр жилийн өмнө 116 дугаар сургуулийг төгсөөд өнөөдөр МУБИС-д Түүх нийгмийн багшаар суралцаж буй оюутан Т.Эрхэстэй уулзлаа. Тэрбээр хараагүй хүүхдүүдэд олгож буй боловсролын тэгш бус байдлын талаар ийн ярьсан юм. 

“Ер нь хараагүй хүн ихэвчлэн ярианы, тэр дундаа монгол хэл, түүх нийгэм, заримдаа англи хэлний хичээлдээ илүү сайн байдаг, бусдад ярьж ойлгуулах нь хялбар учраас. Харин монгол хэлний хичээлд нэг бэрхшээл гарч ирдэг нь монгол бичиг юм. Дуу хөгжмийн тухайд брайл нот байгаа хирнээ нэг их ордоггүй, ашиглагддаггүй. Мэдээлэл зүйн хичээлийг дунд сургуульд долоо хоногт гурван цаг үздэг боловч практик бус, онол орох жишээтэй. Тиймээс хийсвэр болоод явчихдаг. 

Мөн өнөөдрийг хүртэл Монголд математикийн тэмдэглэгээний стандарт нь бүрэн шийдэгдэж, баталгаажаагүйн дээр сурах бичиг нь байдаггүй. Намайг 116 дугаар сургуулийг төгстөл математикийн хичээлд Оросын брайл стандарт ашигладаг байсан. Харин одоо Америк технологийн стандартыг барьж буй. Үүнээс болж хүүхдүүд математикийн хичээлдээ ихэвчлэн унадаг. Түүнчлэн зураг зүйтэй холбоотой геометрийн дүрсүүдийг зурах ямар ч боломжгүй. Иймд ЭЕШ өгөхөд эдгээр хичээлийг шууд хаядаг” хэмээн тайлбарлав. 

Энэ мэт нэгдсэн стандарт, ном, сурах бичиггүй нөхцөл байдал нь математикт дур  сонирхолтой, авьяастай хүүхдүүдийн боломжийг шууд хязгаарладаг ажээ. 

“Америкт математикийн шинжлэх ухаан, магадлалын онолоор сурсан хараагүй математикчид байна. Тэнд бүр хараагүй хүн химийн чиглэлээр их сургуульд сурч байсан. Яаж ингэж чадсан юм бол гэж би бодсон юм. Харин тухайн хүнийг хүн гэж үнэлдэг, хүсэл сонирхлыг нь хүндэтгэдэг нийгэм ийм боломж олгодог юм байна. Гэтэл манайд дөнгөж сурах бичигтэй болох тухай л ярьж буй нь ямар их ялгаатайг харуулж байна шүү дээ” хэмээн “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны захирал хэлсэн юм.   

Олон улсын хараагүйчүүдийн боловсролын зөвлөлөөс хараагүй хүүхдэд хэрхэн боловсрол эзэмшүүлэх талаар тодорхойлжээ. Товчхондоо, хараагүй хүүхдэд хичээл заахдаа тухайн багш хийж буй бүх үйл хөдөлгөөн, самбар дээр бичиж байгаа үг үсэг, өгүүлбэрээ нэгд нэггүй зүгээр л яриад өгөхөд хангалттай гэжээ. Гэвч математикийг яаж хараагүй хүүхдэд ойлгуулах вэ?, Хардаггүй хүүхдэд уран зургийн мэдрэмжийг яаж өгөх вэ?, Биеийн тамирын хичээлээр сагс тоглож байхад хараагүй хүүхэд яах ёстой вэ зэрэг олон асуулт байдаг. Хариулт бол, тэрхүү мэдлэгийг хараагүй хүн ч адилхан авах хэмжээнд ойлгуулах ёстойгоо ухамсарлах буюу ойлгуулах арга нь л зөрүүтэй аж.

Үнэхээр багш заая гэсэн чин сэтгэл байвал ямар ч хичээлийг ойлгуулж чаддаг гэдгийг Т.Эрхэс биеэр мэдэрсэн тухайгаа ярихдаа “Өмнө нь манайд хими биологийн хичээл ордоггүй байв. Ордоггүй ч гэж, тэр хичээлд нэг их хол явдаггүй. Учир нь хими, биологийн хичээлээр баахан тэмдэг тэмдэглэгээ, үелэх систем үздэг. 

Тэгтэл аравдугаар ангид хими, биологийн багш солигдоход үнэхээр  багшийн заая гэсэн чин сэтгэл байвал бүх зүйл боломжтой гэдгийг ойлгосон. Шинэ багштайгаа нийлээд би сургуульдаа анх удаа үелэх системийг самбар дээр бүрэн утгаар, хэмжээг нь тохируулж хийсэн юм. Тиймээс багш нь сайн байгаад сурагч мөн эрмэлзэлтэй байвал математик ч тийм боломжгүй хүнд хичээл биш. Ерөөс сэтгэлийн л асуудал яригддаг” гэлээ. 

Тэрбээр мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дунд сургуульд анхнаас нь энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулах нь нийгэмшихэд илүү үр дүн өгдөг гэж үздэг тухайгаа хуваалцав. “2015 оны тавдугаар сард анх НҮБ-руу явах хөндлөнгийн илтгэлийн багт орж ажилласан юм. Тийшээ тусгай сургуулиас хоёр хүүхэд явсан л даа. Үлдсэн арваад хүүхэд нь энгийн сургуулиудаас ирсэн. Ингээд бид хамтарч ажиллахад анхандаа их хэцүү, учраа олж харилцахаа мэдэхгүй байсан. Харин сүүлдээ дасаж эхэлсэн бөгөөд тэр үед л анхнаасаа бид хамт байх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм” хэмээв.

Барууны улс оронд хүнийг хөгжлөөр нь, тусгай гэж ялгахгүйгээр анхнаасаа сургуульд хамт суралцдаг. Гэхдээ жижиг тусгай сургуультай. Гол нь тэр сургуульд багш нар очиж арга зүйн зөвлөгөө авдаг байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сурах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Магадгүй ямарваа нэгэн шийдвэрлэх асуудал гарвал тэрхүү жижиг тусгай сургуульд очиж зөвлөгөө авдаг. “Хараагүй хүүхдийг дэмжих төв гэж гадны орнуудад байдаг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн брайл ном, сурах бичиг, материал хэрэгсэл, арга зүй тэнд төвлөрдөг гэсэн үг” хэмээн Д.Гэрэл ярьсан. 

Харин манай улс сурах бичгээр сурагчдаа бүрэн хангаж чадахгүй хэмжээнд явна.