Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Монголын эрдэм шинжилгээний байгууллагууд 13 санамж бичигт гарын үсэг зурлаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотоос iKon.mn сайтын сэтгүүлч Б.Даваабазар мэдээлж байна -

"Монгол-Хятадын экспо" 2019 арга хэмжээ Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн хурлаар үргэлжилж байна. 

"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Хятад-Монголын технологиудыг танилцуулах болон Шинжлэх ухааны парктай холбоотой асуудлаар талууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь тус хурлын онцлог байв. Тухайлбал, Шинжлэх ухааны үзэсгэлэнд Монголын талаас эрдэм шинжилгээний байгууллагуудын найман төлөөлөл оролцож, судалгааны ажлын үр дүн, бүтээлүүдээ танилцуулсан юм.

 

"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацын хамтын ажиллагааг дэмжих нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн БНХАУ-ын Шинжлэх ухааны академи болон Инженерийн академийн төлөөлөгч Янь Чүлян хэлэв. 

Одоогийн байдлаар Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 120 гаруй төсөл цуглажээ. Үүнээс газар дээр нь гэрээ байгуулах 15 төсөл, гол чиглэлээр санал болгосон 11 төсөл багтсан юм. 

Төслүүдийг харвал орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, Монголын анагаах ухаан, биотехнологи, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлийг хамарсан байгааг тус хурлын зохион байгуулагчдын зүгээс онцолсон.

Энэхүү салбар хурлын бас нэгэн онцлох зүйл нь Шинжлэх ухаан, технологи, инновац, орчин үеийн хөдөө аж ахуй, монгол эм, эмнэлэг, уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны 13 санамж бичигт хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд гарын үсэг зурсан явдал байв. 

Энэ нь хоёр орны хооронд технологи, инновацын туршилга солилцох томоохон боломж ирж байгаагийн илрэл юм. 

Монгол Улсын шинжлэх ухааны академи нь өнөөдрийн байдлаар 30 гаруй орны 100 гаруй үндэсний академи болон шинжлэх ухааны байгууллагатай холбоо тогтоож, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж буй.
 

БНХАУ болон Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид дараах зорилгуудыг тавьснаа Монгол Улсын шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Академич Т.Ган-Эрдэнэ тус форумын үеэр танилцуулсан юм. Үүнд, 

  1. Өндөр технологийн салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх
  2. Монгол Улсад Хятад улсын тусламжтай байгуулагдсан, байгуулж буй хамтарсан лаборатори, Технологи дамжуулах төв, Технологийн инкубаторын ашиглалтыг сайжруулах
  3. Шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх талаар нягт хамтран ажиллах 
"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд олон улсын байгууллагуудын эвсэл 2018 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байгуулагдсан түүхтэй. Тэр ч утгаараа Хятад улс бүс нутгийн Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын эвслийг санаачилсан төдийгүй тус санаачилга нь шинжлэх ухааны салбартай нягт уялдаатай болохыг илтгэн харуулдаг аж.