Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах "Монгол-Хятадын Экспо 2019" эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
 

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотоос iKon.mn сайтын сэтгүүлч Б.Даваабазар мэдээлж байна -

“Монгол-Хятадын Экспо 2019” арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод өнөөдөр эхэллээ. Тус экспо гурав дахь жилдээ болж байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд  зориулсан үзэсгэлэн яармагийг “Бүс ба зам” санаачлагын дор “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар зохион байгуулж буйгаар онцлогтой.

Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй нь тус экспогийн бас нэгэн онцлог юм.

Хөтөлбөрийн дагуу "Монгол Улсын дүр төрхийн үзэсгэлэн" болон БНХАУ, БНСУ, ОХУ, Израиль, Япон улсын дүр төрхийн үзэсгэлэнгээр эхэлсэн. Тус үзэсгэлэнд Монголын 50 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Экспод Монгол Улсаас 450 аж ахуйн нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож буй явдал нь өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа сурталчлах боломж олгож байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд ихээхэн ач холбогдолтой байгааг дүр төрхийн үзэсгэлэнд оролцогчид хэллээ.

Нөгөө талаар Монгол, Хятад хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх давуу талтай юм.

 

Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэмээх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байна.

Энэ удаагийн арга хэмжээг Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж, Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан явуулж байна.

Монгол-Хятадын гурав дахь удаагийн Экспо, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форумын нээлтийн үеэр Элчин сайд Д.Ганхуяг хэлэхдээ "2015, 2017 онд зохион байгуулсан өмнөх хоёр удаагийн экспонд давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёр удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн.

Монгол, Хятад хоёр улс бол 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг, худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхөх онцлогтой, олон салбарт нягт хамтран ажилладаг найрсаг хөрш орнууд билээ. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.

Цаашид хоёр улсын хуралдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зэрэг манай Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү Экспо арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байна.

Энэ удаад ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Бээжин хотын удирдлагууд, Хонг Конг, Макао зэрэг Хятадын томоохон мужуудын төлөөллүүд болон аж ахуйн нэгжүүд зэрэг 7,000 хүн оролцож байгаа нь уг арга хэмжээ өргөжин тэлж буйгийн илрэл юм" гэв.

 
 

Экспо энэ сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдах бөгөөд Монголын талаас урьдчилсан байдлаар 1,200 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

Арга хэмжээний талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.