УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 5-р сарын 29-ний өдөр “Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт АНУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган “АмЧам Монгол”-ын нийт гишүүд, бизнес эрхлэгч нарт хандан үг хэллээ.
Тэрээр “АНУ-ын Элчин сайдын яам нь Монгол дахь Америкийн хөрөнгө оруулалт, худалдааг улам нэмэгдүүлэхийг хүсдэг бөгөөд АмЧам нь АНУ, Монгол хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцааг бэхжүүлэхийн төлөө тууштай байгааг сайшаан дэмждэг. Хөрөнгө оруулалтын орчны тухайд гэвэл, Засгийн газар, парламентын үйл ажиллагааны үр нөлөө нь хувийн хэвшилд сайнаар ч, муугаар ч шууд тусдаг гэдэг дээр бид цөмөөрөө санал нийлэх байх гэж бодож байна.
Тийм ч учраас Монголын эдийн засгийн өсөлт хувийн хэвшлээр хөтлөгдөх ёстой гэж би бат итгэдэг. Төрийн үйл ажиллагааны аль нь ч хувийн хэвшлийн оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй. Тэр дэмжлэгийг авахын тулд дотоод, гадаадын хувийн хэвшлээс чанартай бөгөөд хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татахуйц эрх зүй, зохицуулалт, хөрөнгө оруулалтын суурь бүтэц байх хэрэгтэй. Монголын хөрөнгө оруулалтын орчинд хар үүл хуралдаж эхлэхэд АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран түгшүүрийн дохио өгч, шийдэл санал болгох хэрэгтэй” гэж нээлтийн үгэндээ онцлов.
5-р сарын хэлэлцүүлэгт “Прайс-Уотерхаус Күүпер Монголиа” аудитын фирмийн Улс хариуцсан захирал Шаукат Тапиа, “Эрнст энд Янг” аудит, бизнесийн зөвлөх фирмийн Олон улсын татвар ба арилжаа хариуцсан хамтрагч Р.Хишигнэмэх, “Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк”-ны Монгол дахь салбарын Дэд захирал С.Баасансүрэн, “Мелвилл Эрдэнэдалай” хуулийн фирмийн хуулийн зөвлөх Ц.Байгалмаа нар панелистаар оролцож, “АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн тэргүүн Рандольф Коппа модератораар ажиллалаа.
Уг хэлэлцүүлгээр бизнес орчинд тулгамдаж буй цаг үеийн асуудлууд, хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх, тэдний хүлээлтийн талаар санал бодол солилцож, асуултуудад хариуллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсаас хөрөнгө оруулагчдад тохиолдож буй бэрхшээлүүд, тэдгээрийн зонхилох шалтгаануудын талаар дурдав.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд Ричард Буанган АмЧам Монголын 2025 оны 5-р сарын 5-7 өдрүүдэд Вашингтон хотноо зохион байгуулагдсан Doorknock арга хэмжээ, уулзалтуудын талаар сайшааж дараах үгийг хэлэв.
“Бид (Элчин сайдын яам, АмЧам Монгол) хамтдаа Монголын компаниудыг АНУ-ын зах зээлд хялбархан нэвтрэх боломжоор хангахыг хүсэж байна. Тийм ч учраас Вашингтон Ди Си-д болсон танай Doorknock арга хэмжээнд энэ сарын эхээр оролцсондоо би баяртай байна. Бидний хамтын ажиллагаанд, мөн та бүхэн дуу хоолойгоо илэрхийлсээр байгаад талархаж байна.
Та нарын дуу хоолой бусад танхимууд болон бизнесийн сонирхлын бүлгүүдээс ялгарах дуу хоолой болж байгаа билээ. Хилийн хориг тавих, баривчлах, өмчлөх эрхэд халдах, маргаан шийдвэрлэх тогтолцоо гажуудсаны эсрэг та бүхэн дуугарсан. Үүний зэрэгцээ хууль дээдлэх зарчим, хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлэхэд зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулах, ил тод байх, зөвлөлдөхийн төлөө та нар бүгдээрээ дуугарсан. Та бүхний нөлөө бүхий, итгэлтэй дуу хоолой асуудлыг анхаарлын төвд авчирдаг” хэмээв.
Энэ удаагийн хуралд 100 гаруй зочид, төлөөлөгч нар оролцож сонирхсон асуултуудад хариулт авч, хэлэлцүүлэгт санаа оноогоо тусгав. Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монгол шинэ гишүүдээ танилцуулж, гишүүнчлэлийн сертификат гардуулах ёслол болж өнгөрөв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!