Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуны зугаа тоглолтын үеэр 10 хутга хурааж согтууруулах ундаа хэрэглэсэн 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зарим гэмт хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл өглөө. 

"Зуны зугаа" тоглолтын үеэр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн тоглолтыг зохион байгуулагчдад болон гэрээтэй харуул хамгаалалтын байгууллага мөн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байгууллагуудад албан шаардлагыг хүргүүлж ажиллажээ. 

Насад хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдаалж, үүргээ биелүүлээгүй байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар шалгалтын ажиллагаа хийж байгаа аж. 

Түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нийт 140 алба хаагч хяналт тавьж ажилласан байна. Тус хяналтын явцад 10 хутга, хоёр зодооны хэрэгсэл болон 18 ширхэг алдсан гээгдсэн эд зүйлсийг олж тогтоон хүлээлгэж өгсөн байна. 

Тухайн орчинд асран хамгаалагчгүй төөрсөн буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн насанд хүрээгүй нийт 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Тоглолтын үеэр эрүүл мэндээрээ хохирсон гурван хэрэгт шалгалт хийж гэмт этгээдийг олж тогтоосон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа аж. 
Тоглолтын аюулгүй байдлыг хариуцаж буй гэрээ хамгаалалтын албаныхан үзэгчдийг шалгаж оруулах ёстой байдаг. Цагдаагийн байгууллага урьдчилсан сэргийлэх чиглэлээр шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажилласан гэв.