Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын тус улсад хийх төрийн айлчлалд зориулан
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.
Хүйтэн дайн дууссаны дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан исламын шашинт таван улс улс төрийн тусгаар тогтнолоо олсноор Төв Ази гэсэн геополитикийн бие даасан шинэ бүс нутаг буй болсон юм.
ХХI зууны эхний 25 жилд Төв Азийн таван стан нь авторитар дэглэм бүхий улс-хувийн хэвшил хосолсон нийгэм-эдийн засгийн онцлог бүтэцтэй, эрчим хүчний үлэмж баялагтай бүс нутаг болж гарч ирсэн. 2001/09/11-ний үйл явдал, Арабын хавар, Сирийн иргэний дайн, Иламыг улс бүлэглэл гарч ирсний дараа олон улсын терроризм, экстремизм, сепаратизм нутагших хамгийн боломжтой бүс нутаг болсон юм.
Төв Азийн геополитикийн шинэ нөхцөл байдал нь Монгол Улстай ижил статустай ШХАБ-ын ажиглагч гишүүн орны нэг Афганистанаас АНУ цэргээ гаргасны дараа радикал талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард хяналтаа бүрэн тогтоож эхэлсэн нь тус бүс нутгийн ойрын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн ээдрээтэй болгож эхэлсэн. 2021 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ: “АНУ-ын түүхэнд хамгийн удаан буюу 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг дуусгаж, Кабулыг орхин нислээ. Энэ бол зөвхөн дайныг дуусгаад зогсохгүй цэргийн хүчээр бусад орныг өөрчлөх оролдлого хийдэг эрин үеийн төгсгөл болж байна” гэжээ.
2021 оны есдүгээр сарын 1-нд В.Путин ОХУ-ын Aлс Дорнод дахь Боловсролын байгууллагын өсвөр үеийнхэнд тавьсан илтгэлийнхээ үеэр Афганистан дахь АНУ-ын дайныг “эмгэнэл” байсан гэж тодорхойлсон юм. “Америкийн цэргүүд 20 жилийн турш энэ нутаг дэвсгэрт байж, тэнд амьдарч буй хүмүүсийг “соёл иргэншүүлэх” оролдлого хийсэн. “Афганистан дахь ажиллагаа ямар нэг сөрөг үр дүнд хүрээгүй юм гэхэд тэг үр дүнд хүрсэн” гэж В.Путин онцолсон юм. ЗХУ-ын цэргүүд 1989 онд Афганистаныг орхин явах үед тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч агсан М.С.Горбачев Афганистаны асуудлаар мөн мэдэгдэл хийж байсныг В.Путин эш татсан юм. М.С.Горбачев АНУ-ын Афганистан дахь дайныг “Анхнаасаа бүтэлгүйтсэн төсөл” гэж нэрлэсэн. Тэрбээр Оросын төрийн мэдлийн “RIA” агентлагт өгсөн ярилцлагадаа: “Тэд бүтэлгүйтлээ эрт хүлээн зөвшөөрөх ёстой байсан. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл бол болсон явдлаас сургамж авч, үүнтэй төстэй алдааг давтахгүй байх явдал юм” гэжээ.
Цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2021 оны есдүгээр сарын эхээр Владивосток хотноо зохиогдсон Дорнын Эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ: Афганистанаас АНУ-ын цэрэг гарсан тухайд байр сууриа илэрхийлэхдээ: Афганд бид ч бас алдаа гаргасан, үүнийг өрнөдийнхөн давтаад байна” гэсэн юм. Гэвч В.Путин тэрбээр хагас жил хүрэлгүй хэлсэн үгээ умартаж Украинд түрэмгийлж, Афганы сургамжийг давтсан билээ.
Өнөөдөр Төв Азийн бүс нутагт явуулж буй ОХУ-ын геополитикийн тэргүүн шугамд таван станд оршин амьдарч буй 4.8 сая орос иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд төвлөрч байгаа нь мэдээж билээ. Тухайлбал, Казахстанд 3. 4 сая буюу нийт хүн амын 15.5 хувь, Узбекистанд 720.3 мянга буюу хүн амын 2.1 хувь, Киргизстан 364.5 мянга буюу хүн амын 6.2 хувь, Тажикистанд 34.8 мянга буюу хүн амын 0.5 хувь, Туркменистанд 297.9 мянга буюу хүн амын 4 хувийг орос угсаатнууд эзэлж байна.
Нөгөө талаар 2022 оны аравдугаар сард Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдсон ТУХН-ын орнуудын дээд түвшний уулзалтын төгсгөлд Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон хэлсэн үгэндээ: хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ОХУ-ын ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэж ирсэн хэдий ч Кремлийн зүгээс зохих ёсны хариу хүндлэл гаргаж чадахгүй байгааг шүүмжилжээ. “Бид стратегийн гол түншийнхээ ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэсээр ирсэн. Бид ч бас хүндлүүлмээр байна” гэж Э.Рахмон В.Путинд шууд хандаж хэлжээ. Украинд цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш анхны гадаад айлчлалаа В.Путин 2022 оны зургаадугаар сарын сүүлчээр Туркменистаны нийслэл Ашхабад хотноо зохиогдох Каспийн тэнгисийн VI дээд түвшний уулзалтад оролцох үеэр Тажикистанд ажлын айлчлал хийж, Душанбе хотноо Э.Рахмонтой уулзаж байсан юм.
Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны байр суурь бол ОХУ ба Төв Азийн тусгаар тогтносон таван БНУ хоорондын сүүлийн 30 жилийн түүхэнд хуримтлагдсан асуудлыг хурцаар ил гаргаж ирсэн явдал юм.
Төв Азийн таван стан ОХУ-тай тогтоосон шинэ харилцаагаа сэвтүүлэхгүйгээр Турк, Арабын баян орнуудын санхүү-эдийн засгийн тусламжид дулдуйдах бодлого явуулах болсны нэг учир шалтгаан нь тэдгээр улсуудыг лалын шашин шүтлэг нягт холбож байгаа явдал юм.
Нөгөө нэг зүйл бол Хятадын “нэг бүслүүр, нэг зам” суурь бүтэц (infrastructure), ложистикийн мега санаачилгын хүрээнд асар их хэмжээний юанийн зээлд суурилсан гео-эдийн засгийн бодлого, концессын дипломаси, бүс нутгийн эрчим хүчний эх сурвалжийг үлэмж хямд үнээр авах зөөлөн хүчний бодлого идэвхэжсэн явдал юм.
Туркменистан улс нь 1995 онд шинэ Үндсэн хуульдаа тусгаж, НҮБ-аар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн “байнгын төвийг сахих” статусаа зарласан Төв Азийн анхны орон болсон юм. Ерөнхийлөгч асан Ниязовын байнга төвийг сахих бодлого нь Туркменистаныг олон улсын хамтын хамгаалалтын байгууллагад оролцохоос сэргийлнэ гэж мэдэгдсэн ч цэргийн тусламж авахыг зөвшөөрдөг.
Туркменистан нь АНУ болон Турктэй худалдаа хийх, бараа экспортлохыг дэмждэг хэмээн мэдэгддэг ч хамгийн том худалдааны түнш нь БНХАУ бөгөөд Хятад Төв Ази–Хятадын хийн хоолойгоор Туркменистаны байгалийн хийн ихэнхийг худалдан авч байна. Туркменистан Орос, Иран улстай чухал худалдааны харилцаатай ба Афганистантай хийж буй хил дамнасан худалдаа өсөн нэмэгдэж байна. Туркменистаны Засгийн газар бүс нутгийн хүчнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс ашиг хүртэх замаар, ялангуяа эрчим хүчний асуудал дээр хөнгөлөлт, ашиг сонирхол авахыг зорьдог.
Туркменистан 2008 онд Бухарест хотноо зохиогдсон НАТО-гийн дээд түвшний уулзалтад оролцож, Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай уулзсанаар 2010 оноос 5 жилийн хугацаатай Туркменистаны армийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж дууссан. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 2015 оны аравдугаар сарын сүүлчээр Туркменистанд айлчилж, эрчим хүчний салбарт 18 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. 2015 оны арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ашхабадад ажлын айлчлал хийж Афганистаны зүгээс учирч болзошгүй терроризмын аюулыг бууруулахад ЕАБХАБ-ын хүрээнд Туркменистаны мэргэжилтнүүдийг сургах асуудлаар тохиролцов. Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Жон Керритэй уулзахдаа хоёр орны харилцааг «new dynamic relationship» гэж нэрлэсэн юм.
2014 оны тавдугаар сард Туркменистаны төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон юм. Хятад, Туркменистаны харилцаа эрчим хүчний салбарт төвлөрдөг бөгөөд Г. Бердымухамедов Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр байгалийн хий боловсруулах хоёр шинэ байгууламжийн нээлтэд оролцсон бөгөөд хийн экспортын хэмжээ 2014 онд 25 тэрбум шоо метр байсан бол 2020 онд 65 тэрбум болж өсөх төлөвлөгөөтэй гэж мэдэгдэж байв.
2015 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Бээжинд дахин айлчилж, стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж “нэг бүслүүр, нэг зам” санаачилгын хүрээнд Хятад-Төв Ази-Баруун Азийн эдийн засгийн коридор байгуулах, хий дамжуулах транзит хоолой тавих, “гурван аюул” терроризм, сепаратизм, экстремизм болон олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байв. Тэрбээр хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сард Бээжинд айлчилсан юм. Байнга төвийг сахисан статустай улс нь батлан хамгаалах, эдийн засгаа өөрийн хүчин тулгуурлан хөгжүүлэх бөгөөд бусад улс орнуудтай стратегийн түншлэл тогтоох эрхзүйн боломж байхгүй байдаг. Энэ нь Үндсэн хуульдаа заасан “байнга төвийг сахих” статусаа зөрчиж байсан гэсэн үг юм.
Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү Сердар Гурбангулыевич Бердымухамедов нь 2022 оны хоёрдугаар сард явагдсан ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшин өрсөлдөж 72,97 хувийн саналаар сонгуульд ялалт байгуулж, Туркменистаны гурав дахь ерөнхийлөгчөөр тус улсыг үргэлжлүүлэн удирдаж байна.
2023 оны тавдугаар сард Шиань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин анхны Хятад-Төв Азийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулав. Энэ уулзалт нь 2015 онд АНУ болон бүс нутгийн таван улсын хооронд байгуулагдсан С5+1 дипломатын платформтой ижил загвартай боловч төрийн тэргүүнүүд оролцсоноороо ялгаатай байв. Ши Жиньпин оролцсон таван улсын төрийн тэргүүнд дотоод аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх санал тавьсан нь эдгээр улс орнууд уламжлал ёсоор ОХУ-аас дэмжлэг хүсдэг байсан салбар юм. Энэ нь Бээжингийн өмнө нь голчлон “Бүс ба Зам” санаачилгаараа дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч ирсэн бодлогоосоо өөрчлөгдөж буйг харуулав. Хятад болон бүс нутгийн орнуудын харилцаа худалдаа, хөрөнгө оруулалт дээр төвлөрсөн хэвээр байгаа ч эдгээр салбарын хөгжил нь аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахтай шууд холбоотой. Үүнд Хятадын баруун хойд хэсгийн Шинжааны бүс нутаг ч хамаарна. Энэ бүс нь Төв Азийн таван улсын гурвынх нь хил залгаа бүс нутаг юм. Хятад болон Казахстан улс иргэд хоорондын аялал жуулчлал, худалдааг нэмэгдүүлэх зорилгоор 30 хоногийн визгүй зорчих гэрээ байгуулсан боловч энэ нь Казахстаны дотоодод маргаан дагуулсан юм. .
Төв Азийн орнуудын хувьд ОХУ-ын Украинд хийж буй цэрэг дайны ажиллагааны цэргийн бүтэлгүйтэл, анхаарал нь суларсан байдал нь тус улсын бүс нутгийн аюулгүй байдлын баталгаажуулагч гэсэн байр суурийг нь сулруулав. Тухайлбал, 2022 онд Киргизстан болон Тажикистаны хооронд гарсан хилийн мөргөлдөөний үеэр ОХУ бараг оролцоогүй бөгөөд Каспийн тэнгисийн цаана Оросын Армянуудыг дэмждэг бодлого Азербайжаны 2023 оны есдүгээр сарын цэргийн ажиллагааг зогсоож чадалгүй, Нагорный Карабах дахь Армяний хяналтыг эцэслэв. Үүний өмнө Армяний Ерөнхий сайд Никол Пашинян хэлэхдээ: «ОХУ хүссэн ч Армений аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна.… Энэ жишээ бидэнд аюулгүй байдлын асуудлаар зөвхөн нэг түншээс хамааралтай байх нь стратегийн алдаа болохыг харуулж байна» гэжээ. Армени нь Казахстан, Киргизстан, Тажикистантай адил ОХУ-ын удирддаг “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” (ХАБГБ)-ын гишүүн юм.
Ши Жиньпин дээд түвшний уулзалтын гол илтгэлдээ “Хятад улс Төв Азийн орнуудыг хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалахын чадавхыг нь бэхжүүлэхэд туслахад бэлэн байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэхэд бие даасан хүчин чармайлтыг нь дэмжинэ” хэмээн мэдэгдэв. Уулзалтын үр дүнд батлагдсан “Шианийн Тунхаглал”-д “Хятад улс Төв Азийн орнуудын хөгжлийн зам, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, бие даасан гадаад болон дотоод бодлогыг нь бүрэн дэмжинэ” хэмээн тусгасан боловч энэ чиглэлээр хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө дурдаагүй байна.
2001 оны есдүгээр сарын 11-ны Нью-Йорк, Вашингтон дахь олон улсын террорист халдлагын дараа НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн шийдвэрийн дагуу АНУ Афганистан дахь талибаны дэглэмд хариу цохилт өгөх олон улсын эрхзүй үндэслэл бүрдсэн учир Төв Азийн орнууд нутаг дэвсгэр дээрээ АНУ-ын агаарын цэргийн цохилтын баазыг байгуулах боломжтой болсон юм. Улмаар АНУ талибанчуудыг нэг мөр бут цохих зорилгоор Киргизстан (Манас дахь агаарын цэргийн бааз буюу Транзит төв), Узбекстанд (К-2 буюу Карши-Ханабад дахь агаарын цэргийн бааз) байгуулсан цэргийн баазыг үндэслэн ШХАБ-д ажиглагч гишүүнээр элсэх өргөдлөө 2005 онд өгсөн боловч АНУ нь Төв Азийн бүс нутагт байрладаггүй хэмээн татгалзсан хариу хүлээн авсан байх бөгөөд харин ч 2005 оны долоодугаар сард Астана хотноо зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар баталсан Тунхаглалд тус бүс нутагт (Киргизстан, Узбекистан) байрлаж буй Америкийн цэргийн баазуудыг Төв Азиас гаргах хугацааг тодорхойлохыг АНУ-д уриалсан заалтыг оруулсан юм.
2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн урилгаар С5+1 форматын хүрээнд Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт амжилттай зохион байгуулагдаж Афганистаны дайн, Сирийн иргэний дайн, олон улсын терроризмын эсрэг явуулж буй дайны асуудлыг хөндсөн юм. 2016 оны Вашингтон хотноо зохиогдсон хоёр дахь уулзалтаар Глобал терроризмын эсрэг Бүс нутгийн яриа хэлэлцээний форум, Төв Азийн бизнесийн өрсөлдөх чадавх, Төв Азийн тээврийн коридорын хөгжилт,
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан болон Узбекистаны удирдагчидтай уулзав. Энэхүү дээд түвшний уулзалт нь Төв Азийн таван улс болон АНУ-ын харилцаанд анх удаа болж буй түүхэн үйл явдал байв.
Түүхийн турш АНУ болон Төв Азийн хооронд өндөр түвшний дипломат харилцаа харьцангуй ховор байсан ба улс төр судлаач Эдвард Шацын тодорхойлсноор үүнийг “алсаас ноёрхох” хандлага гэж нэрлэсэн байдаг. АНУ нь дэлхийн бусад их гүрнүүдтэй харьцуулахад Төв Азид харьцангуй бага оролцоотой байсаар ирсэн. Гэхдээ XXI зуунд Афганистанд аюулгүй байдлын шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчлөгдсөн. Сүүлийн үед АНУ-аас Төв Азид хийж буй дипломат айлчлалууд Төрийн нарийн бичгийн даргын түвшнээс дээшлэн өргөжиж байгаа бөгөөд энэ үзэгдлийг Кэтрин Путц Оросын 2022 оны хоёрдугаар сард Украинд эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаатай холбоотой гэж тодорхойлсон. Жо Байден уулзалтын үеэр бүс нутгийн орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг онцолсон нь Оросын түрэмгий үйлдлүүдийг тойруулан шүүмжилсэн хэрэг байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төв Азийн орнуудын удирдлагатай хил хамгаалалт болон хууль сахиулах байгууллагуудын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, 2020 оны байдлаар АНУ хил хамгаалалтад 90 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хүрээнд терроризм, хар тамхи, зэвсгийн хууль бус наймааг зогсоох зорилгоор сургалт, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг.
АНУ-ын ерөнхийлөгчтэй түүхэндээ анх удаа дээд түвшний уулзалт хийсний дараа Төв Азийн удирдагчид удалгүй аравдугаар сард Германы канцлер Олаф Шольцын зохион байгуулсан дээд түвшний уулзалтад оролцохоор Берлинд хүрэлцэн ирсэн юм. Украинд болж буй дайн (мөн Афганистаны дайны төгсгөл) нь зөвхөн АНУ ба Төв Ази төдийгүй Европ ба тус бүс нутгийн хоорондын харилцааг өргөн хүрээнд дахин тооцоолоход хүргэж байгааг онцлов. ЕХ-ны орнуудын дотроос Герман нь Төв Азийн хамгийн чухал түншүүдийн нэг бөгөөд энэ нь дээд түвшний уулзалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ. Берлиний дээд түвшний уулзалтад Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садир Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон болон Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцсон байна. Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг төлөөлөн түүний эцэг, хуучин ерөнхийлөгч, одоогийн Ардын зөвлөлийн дарга Гурбангулы Бердымухамедов Герман дахь уулзалтад оролцов.
Дээд түвшний уулзалтаас гарсан Хамтарсан Мэдэгдэл өргөн хүрээтэй байсан бөгөөд Герман болон Төв Азийн хооронд “Стратегийн бүс нутгийн түншлэл” тогтоох тохиролцоогоор өндөрлөсөн. Энэ хүрээнд талууд дараах дөрвөн чиглэлээр одоо байгаа хамтын ажиллагаагаа “бэхжүүлж, шинэ шатанд гаргана” гэжээ. Үүнд: эдийн засаг, эрчим хүч, байгалийн нөөц; бүс нутгийн хамтын ажиллагаа ба сөрөн тэсвэрлэх чадвар; уур амьсгал ба хүрээлэн буй орчин; хүн хоорондын харилцаа багтсан байна.
Хамтарсан Мэдэгдэлд онцгойлон дурдсан нэг зүйл бол “Дундад коридор”-ыг дэмжиж буй явдал байв. Энэ нь Евразийн эх газрын дундуур тээвэр, худалдааны сүлжээ байгуулах санаачилга бөгөөд сүүлийн жилүүдэд Транс-Каспийн олон улсын тээврийн зам (TITR) гэх зэрэг нэрээр нэрлэгдэж иржээ. Украинд болж буй дайн болон Европ, Оросын хоорондох геополитик, эдийн засаг, эрчим хүчний харилцааны дахин өөрчлөлт нь Дундад коридорыг бодит ажил хэрэг болгох хэрэгцээ, хөшүүргийг бий болгосон юм. ЕХ-ны захиалгаар 2019 оны ЕХ-ны Төв Азийн стратеги болон 2021 оны “Дэлхийн гарц” стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-аар хийлгэсэн судалгаанд Төв-Каспийн тээврийн сүлжээ (CTCN), ялангуяа Казахстаны өмнөд нутгаар дайран өнгөрөх зам нь Европ ба Төв Азийг холбох хамгийн тогтвортой тээврийн зам гэж дүгнэжээ. Энэхүү судалгаа 2021 оны арваннэгдүгээр сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн байна. Герман-Төв Азийн хамтарсан мэдэгдэлд уг судалгааг тодорхой дурдсан бөгөөд Герман улс “эдгээр санаачилгыг үндэсний болон ЕХ-ны түвшинд дэмжихээ амлалаа” гэж тэмдэглэжээ.
ЕХ-Төв Азийн тав орны удирдагчдын анхны дээд түвшний уулзалт 2025 оны дөрөвдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болов. ЕХ-ыг Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар төлөөлөн оролцов. Уулзалтыг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев зохион байгуулсан юм. “Манай харилцаа одоогоор бүрэн чадавхдаа хүрээгүй байна. Манай түншлэл бол зорилго биш, аялал юм. Энэ дээд түвшний уулзалт нь харилцааны шинэ хэмжээсийн эхлэл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш байх болно.” гэж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ: Геополитикийн дэлхий болон бүс нутгийн орчин хувьсан өөрчлөгдөж буй энэ үед удирдагчид ЕХ болон Төв Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүрэг амлалтаа дахин нотолж, харилцаагаа стратегийн түншлэл болгон шинэ түвшинд хүргэхээр шийдвэрлэлээ. Уулзалтын төгсгөлд удирдагчид Хамтарсан Тунхаглал гаргав. Түүнд: “Бид энх тайван, аюулгүй байдал, ардчиллын төлөө хамтран ажиллах, НҮБ-ын дүрэм болон бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарт нь хүндэтгэх үндсэн зарчмуудыг бүрэн дэмжихээ амлаж байна.” гэсэн байна. Түүнчлэн хориг арга хэмжээг тойрон гарах явдлыг урьдчилан сэргийлэх нь ЕХ-Төв Азийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг удирдагчид онцлов.
Бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн хүрээнд удирдагчид 2025 оны гуравдугаар сард Киргизстан, Тажикистаны хооронд байгуулсан улсын хил тогтоох гэрээг сайшаан хүлээн зөвшөөрсөн юм.
2006 оны есдүгээр сарын 8-нд Казахстаны Семипалатинскийн цөмийн туршилтын талбайд гарын үсэг зурсан «Төв Азийн цөмийн зэвсэггүй бүсийн тухай гэрээ» 2009 оны гуравдугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болж, 2012 оны тавдугаар сарын 3-нд Вена дахь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг дээрх гэрээг бүртгэж авсан нь бүс нутгийн болон Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой байв.
Төв Азийн цээжинд орших Каспийн тэнгисийн сав нутгийн гео-эдийн засаг онцгой анхаарал татдаг. Энэ нь үлэмж их нөөцтэй байгалийн хий, газрын тосны баялаг ажгуу.
АНУ Эрчим хүчний мэдээллийн газрын (U.S. EIA) нарийвчилсан тооцооллоор Каспийн тэнгисийн сав газарт 48 тэрбум баррель газрын тос, 292 их наяд шоо метр байгалийн хийн нөөц байгаагаас Туркменистанд 45 их наяд шоо метр хий ногдож байна. Туркменистан нь байгалийн хийн үлэмж нөөцтэй ч “Хий экспортлогч орнуудын форум” (GECF) –д гишүүнээр элсээгүй. Газрын тосны бараг 75 хувь, байгалийн хийн нөөцийн 67 хувь нь эргээс 100 бээрийн зайд байрладаг байна.
Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Азийн солбилцолт дээр оршдог. Төв Азийн чиглэл Монгол Улсын гадаад бодлогод мэдэгдэхүйц орхигдож ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Тиймээс Монгол Улс гадаад харилцааны шинэ сэргэлт, гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах хүрээнд дурдсан чиглэлд дипломат ажиллагаагаа идэвхжүүлснээр гадаад харилцааны орон зайгаа шинээр тэлж байна гэж үзэж болно. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал. Бид Төв Азийн гурван улсад ЭСЯ-тай болсон. Өнгөрсөн жилийн хоёр жишээг тэмдэглэхэд л Монголын бизнесийн байгууллагууд Узбекистан, Туркменистанд томоохон бизнесийн үйл ажиллагаа явуулж буй нь бизнес форумын үеэр тодорхой харагдаж байсан. Ялангуяа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон эх сурвалжаар ханган баталгаажуулах чиглэлд Төв Азийн бүс нутаг нэн чухал ач холбогдолтой болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!