Энэ сарын 1-нд Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт болсон билээ.
Францын "Парис Сэйнт Жэйрман", Италийн "Интер Милан" баг аваргын цомын төлөө өрсөлдсөн юм. Шинэ системээр зохион байгуулагдсан Аваргуудын лигт "ПСЖ" хасагдах шатанд нутгийнхаа "Брест" клубийг хожоод Английн гурван багийг (Ливерпүүл, Астон Вилла, Арсенал) тэмцээнээс хассанаар шигшээд тунаж үлдсэн.
Харин "Интер Милан" хасагдах шатыг шөвгийн наймаас эхлүүлж, Нидерландын "Фейеноорд", Германы "Байерн Мюнхен", Испанийн "Барселона"-г нутаг буцаав.
Сүүлийн таван улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолт ганц гоолоор ялагчаа тодруулсан билээ. Өнгөрсөн жил Испанийн "Реал Мадрид" 15 дахиа цом өргөхдөө Германы "Борусси Дортмунд"-ыг хожихдоо хоёр гоол оруулсныг эс тооцвол өмнөх дөрвөн тоглолтод ганц гоол тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн юм.
Тэгвэл энэ жилийн финалд Францын аваргууд эхний үед л хоёр гоол оруулж дөнгөсөн. Тоглолтын 12 дахь минутад марокко хамгаалагч Ашраф Хакими гоолын салхийг хагалсан бол эхний гоолын дамжуулалтыг өгсөн 19 настай хагас хамгаалагч Дезири Дуэ 20 дахь минутад тооны харьцааг холдуулав.
Хоёрдугаар хагаст гоол оруулах шаардлагатай болсон Италийн клуб хамгаалалтаас довтолгоо руу шилжлээ. Гэвч "ПСЖ"-гийн хамгаалалт, довтолгоо жигд, үлдсэн хугацаанд гурван гоол нэмж оруулснаар өрсөлдөгчөө 5:0-ээр буулган авч, анх удаа Аваргуудын лигийн цом өргөв.
Ингэснээр "ПСЖ" клуб "Дэлдэн чихт" цомыг авч буй Европын 24, Францын хоёр дахь баг болж буй юм. "Les Bleus"-ийн нутгаас 1993 онд "Марсель" анх удаа аваргын цомд түрүүлж байжээ.
Шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор Д.Дуэ нэрлэгдсэн бол тэмцээний шилдгээр Осман Дембеле тодорчээ.
Өдгөө 28 настай О.Дембеле Аваргуудын лигийн 15 тоглолтод оролцохдоо 8 гоол, 6 гоолын дамжуулалт өгсөн юм.
Тэмцээний бэлгэдлийн XI -т аваргуудаас долоон тоглогч орсон бол мөнгөн медаль хүртсэн "Интер Милан"-аас Алессандро Бастони л багтав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!