Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер тус улс батлан хамгаалах хүчин чадлаа эрс нэмэгдүүлж, ямар ч дайсантай нүүр тулахад бэлэн байх ёстойг Ням гарагт “The Sun” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.
Энэ бодлогын хүрээнд түүний засгийн газар зэр зэвсгийн зургаан шинэ үйлдвэр байгуулахад 1.5 тэрбум фунт стерлингийн ($2 тэрбум орчим) хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна.
“Биднийг цэрэг зэвсгийн их хүчин чадалтай улс орнууд шууд заналхийлж байгаа тул тэдэнтэй тулалдаж, ялахад бэлэн байх ёстой. Бид Их Британийн байлдааны бэлэн байдлыг зэвсэгт хүчнийхээ гол зорилго болгон сэргээнэ” гэж Стармер нийтлэлдээ бичжээ.
Тус улсын Батлан Хамгаалах Стратегийн Тойм (Strategic Defence Review) нэртэй бичиг баримт өнөөдөр буюу Даваа гарагт хэвлэгдэн гарах юм.
Энэ бичиг баримтад Орос-Украины дайнаас Их Британид тулгарч буй аюул занал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын холбоотнууддаа үзүүлж буй дарамт шахалт зэргийг үнэлэх ажээ.
Трампын засаг захиргаа аюулгүй байдлын баталгаа өгөхөөс татгалзсаны дараа Европын орнууд батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх ажилд шамдаж эхэлсэн юм.
Их Британийн батлан хамгаалахын сайд Жон Хили өчигдөр BBC сувгаар ярихдаа дээрх төлөвлөгөө нь Москвад тодорхой анхааруулга болохоос гадна улс орных нь эдийн засгийг сэргээхэд тустайг тайлбарласан байна.
“Бид хувьсан өөрчлөгдөж, аюул занал нэмэгдэж буй дэлхий ертөнцөд амьдарч байна. Оросын түрэмгийлэл улам бүр нэмэгдэж байна. Өдөр тутмын кибер халдлага, цөмийн зэвсгийн шинэ эрсдэл зэргээр илэрч буй энэ аюул дэлхийн бусад хэсэгт ч бас хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна” гэж тэр ярьжээ.
Сүүлийн төлөвлөгөөнд алсын тусгалын 7,000 хүртэл тооны пуужинг дотооддоо үйлдвэрлэх зорилт багтсаныг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлсэн юм.
Энэ багцыг нэмснээр тус улсын одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаанд зарцуулагдах батлан хамгаалах хүчин чадлыг өсгөх нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зургаан тэрбум фунт стерлинг (бараг $8 тэрбум) болох юм байна.
Ерөнхий сайд Кэйр Стармер тус улсын батлан хамгаалах төсвийг 2027 онд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьд хүргэх, эцэстээ 3 хувьд хүргэх зорилтыг зарласан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!