Дасгал хөдөлгөөн нь хорт хавдраар нас барах, дахин өвчлөх магадлалыг бууруулахад ямар ч эм тарианаас илүү үр дүнтэй болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Олон арван жилийн турш эмч мэргэжилтнүүд үүнийг зөвлөдөг байсан ч судалгаагаар хараахан батлаагүй байв.
Тэгвэл анх удаа эрдэмтэд АНУ, Их Британи, Австрали, Франц, Израилийн өвчтөнүүдийг хамруулсан дэлхийн хэмжээний томоохон туршилт явуулаад зохион байгуулалттай дасгалын дэглэм нь хорт хавдраар нас барах, өвчин дахин сэргэх, шинэ хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ.
Судалгааны үр дүнг Чикаго хотод болсон дэлхийн хамгийн том хорт хавдрын чуулганд тооцогддог ASCO (American Society of Clinical Oncology) нийгэмлэгийн жил тутмын хурлын үеэр танилцуулж, New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн байна.
Уг судалгаанд оролцоогүй ASCO нийгэмлэгийн ахлах ажилтан, доктор Жюли Гралоу үр дүнг нь “дасгал хөдөлгөөн хорт хавдрын эсрэг эмчилгээнд үр дүнтэйг нотолсон хамгийн том баримт” бөгөөд “эмчилгээний явцад болон дараа нь биеийн хөдөлгөөнийг дэмжихийн ач холбогдлыг ойлгоход томоохон өөрчлөлт авчрах болно” гэж дүгнэжээ.
Эмчилгээ дууссаны дараа хувийн дасгалжуулагчийн тусламжтай дасгалын дэглэмээр амьдарсан өвчтөнүүд зөвхөн эрүүл мэндийн зөвлөгөө аваад үлдсэн өвчтөнүүдтэй харьцуулахад нас барах эрсдэл 37 хувь, дахин болон шинэ хорт хавдар үүсэх эрсдэл 28 хувиар буурсан байна.
Өнөөдөр хэрэглэгдэж буй ямар ч эм тариа ийм үр дүн үзүүлдэггүй ажээ.
Эрдэмтэд 2009-2023 оны хооронд бүдүүн гэдэсний хорт хавдартай 889 өвчтөнийг судалгаандаа хамруулсан юм байна.
Тэдний ихэнхийнх нь (90 хувь) өвчин гуравдугаар шатандаа орсон байжээ.
Тэднийг санамсаргүй байдлаар хоёр хувааж, 445 өвчтөнийг дасгалын дэглэмд хамруулж, 444 өвчтөнд зүгээр л эрүүл мэндийн зөвлөгөө, амьдралын хэв маягаа өөрчлөх гарын авлага өгсөн байна.
Дасгалын дэглэмд хамрагдсан өвчтөнүүдийг эхлээд сард хоёр удаа, сүүлд сард нэг удаа, нийт гурван жилийн хугацаанд мэргэжлийн дасгалжуулагчаар зааварлуулан хичээллүүлжээ.
Тэдний зорилго долоо хоногт тус бүр 45-60 минутын хугацаатай гурваас дөрвөн удаа алхахтай тэнцэх хэмжээний дасгал хөдөлгөөн хийх байсан байна.
Үүнийг гүйлт, цана, завь гээд ямар арга замаар хэрэгжүүлэх нь өвчтөний сонголт байжээ.
Таван жилийн дараа шалгахад дасгалын дэглэм дагасан өвчтөнүүдийн дахин өвчилсөн хэмжээ нөгөө бүлгийн өвчтөнүүдтэй харьцуулахад 28 хувиар бага байсан байна.
Найман жилийн дараа харьцуулахад нас баралтын хэмжээ 37 хувиар бага байжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!