Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Таны биеэс гадагшилдаг өтгөн, шингэний тухай 10 БАРИМТ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Хүн бүхэн тав тухтай, эрүүл орчинд бие засах эрхтэй. Тохилог жорлонтой байх нь хүн бүрийн эдлэх ёстой эрх.

Сайхан жорлонтой байх нь хүнийг эрхэмсэг бөгөөд хүндтэй нэгэн болгодог бас нэгэн хүчин зүйл юм.

Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин маань эрүүл байна" хэмээн Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл "Жорлонгоо өөрчилье" номдоо өгүүлсэн байдаг.

Тиймээс ч бид байгальд хоргүй эко хуурай жорлонгийн давуу талуудын талаар сонирхон Мини шийдэл хоршооны ахлагч Б.Дашнямтай ярилцсан юм.

Ярилцлагын үеэр дурдагдсан сонирхолтой баримтуудыг та бүхэнд тоймлон хүргэж байна.

1. Хөрсний бохирдлыг ихэнх хувь нь гэр хорооллын нүхэн жорлон, угаадас зэргээс шалтгаалдаг бөгөөд намагтай газар доторгүй нүхэн жорлон хийвэл бохир нь шууд л хөрснийхөө устай нийлж гүний усаа бохирдуулдаг.

2. Бид нэг өдөрт л 160 мянган тонн угаадас Төв цэвэрлэх байгууламж руу хаяж байна. Түүний 120 мянган тонн нь зөвхөн жорлонгийн ус юм.

3. Нүх ухаж жорлон солино гэдэг бол маш удаан үйл явц учраас Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 207 мянган өрхийн нийт 310 мянга гаруй нүхэн жорлонг нэг дор доторлож, солих боломжгүй. Тиймээс өөр шийдэл хэрэгтэй. Түүний нэг нь хуурай жорлон.

4. Шээс, баас холилдхоороо л удаан хугацааны турш өмхий, эвгүй үнэр ялгаруулж байдаг. Харин өтгөн хатахаараа үнэр ялгаруулах нь багасдаг.

5. Улаанбаатар хотын орон сууцад амьдардаг айлуудын бүх өтгөн, шингэн болон угаадас жорлонгийн усаар хөөгдөж цэвэрлэх байгууламж дээр очиж, өтгөн шингэнээрээ ялгагддаг.  Дараа нь шингэнийг тусгай бодис хийж ариутган байгальд асгадаг бол өтгөнийг нь олон жил дарж хатааж байгаад шатааж эсвэл булж устгадаг.

6. Бид нэг удаа бие засахдаа 5-6 литр ус зарцуулдаг бөгөөд бидний өдөр тутамдаа хэрэглэж буй усны 60 хувь нь жорлонгийн ус татахад хэрэглэгддэг.

7. Хүний биеэс гадагшилж буй өтгөн нь бордоо учраас мод тарихдаа ашиглаж болно. Ингэхийн тулд хэдэн сар чийг авхуулахгүй газар хадгалах шаардлагатай бөгөөд тусгай ариутгалын бодис хэрэгтэй. Шээс нь 99 хувийн цэвэр ус бөгөөд 0.7 хувь нь л хортой бодис, үлдсэн нь бөөрөөр шүүгдсэн азотлог бодис юм. Мөн шээсний хортой бодис нь долоо хоногийн дараа задардаг.

8. Жилд нэг айлаас 12 уут бордоо гарлаа гэж бодоход ердөө хоёрхон мод тарих хэмжээний л тэжээл гарна.

9. Хүний биеийн жингийн килограмм тутамд таван грамм өтгөн гардаг гэсэн энгийн тооцоолол бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын өтгөн нийлээд 57 мянган тонн л болно. Үүнийг бордоо болгоод хотыг цэцэрлэгжүүлэхэд 4-ний 1-д нь ч хүрэхгүй.

10. Нэг айл л устай жорлонгоос татгалзахад цаана нь 20 гаруй айлын уух усны нөөц бий болно гэсэн судалгаа байдаг.