Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д аминдэмийн дутагдлыг арилгах нь амьсгалын замын цочмог халдвараас хамгаалах үр дүнтэй нь нотлогджээ

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хичээл сургууль цугалж халдвар өвчний тархац нэмэгддэг энэ үед бид Д аминдэмийн тухай MHI байгууллагын гаргаж байсан Д витамины тухай судалгааны материалыг дахин хүргэж байна.

Гарчигт дурдсанаар Д аминдэмийн дутагдлыг заавал шинжилгээгээр тогтоосны дараагаар хүн тус бүрт тохирох тунг эмч зөвлөдөг болохыг анхаарна уу. 

Дэлхийн анагаах ухааны шилдэг сэтгүүл болох “British Medical Journal”–ийн 2017 оны 2-р сарын дугаарт Харвардын судалгааны нэгж MHI байгууллагын монгол судлаачид дэлхийн нэр хүндтэй эрдэмтэдтэй хамтран хийсэн “Д аминдэмийн дутагдлыг арилгах нь амьсгалын замын цочмог халдвараас хамгаалах нь” судалгааны үр дүн хэвлэгдэн гарсан ба тойм өгүүллээс эш татан уншигч та бүхэнд танилцуулъя.

Судалгааны баг олон улсын 25 судалгаанд хамрагдсан 0-95 насны, нийт 11,000 орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж Д аминдэмийн бэлдмэл нь амьсгалын замын цочмог халдвараас хамгаалах эсэхийг судалсан юм. Амьсгалын замын цочмог халдвар нь дэлхий нийтийн хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг юм.

Олон судалгааны үр дүнгээс харахад Д аминдэм дутагдах нь амьсгалын замын халдварт өртөмхий байдлыг нэмэгдүүлдэг байна. Д аминдэмийн нөлөөгөөр бие махбодиос хамгаалах уураг ялгарч, нян вирусын халдварын эсрэг дархлаа сайжирдаг ажээ.

Д аминдэм бие махбодийн өвөрмөц бус дархлааг дэмжин, аутофагийн үйлийг эрчимжүүлэн, хүчилтөрөгчит ба азотын завсрын нэгдэл үүсэхийг өдөөдөг байна.

Д аминдэмийг өгснөөр дутагдлыг арилган, амьсгалын замын халдварт өвчлөлөөс сэргийлж байгааг эпидемиологийн ба эмнэлзүйн олон тооны туршилт судалгаагаар баталсан байна.

Д аминдэм нь томуу зэрэг амьсгалын замын халдвараас сэргийлэх ач тустай.

Д аминдэмийг өдөр бүр эсвэл долоо хоног бүр тогтмол хэрэглэх нь нэг дор өндөр тунгаар ууснаас илүү үр дүнтэй байна. Ялангуяа Д аминдэмийн дутагдалтай цусны 25(OH)D хэмжээ 25 нмоль/л-ээс бага хүмүүст Д аминдэмийг өгөхөд дутагдлыг арилган, амьсгалын замын цочмог халдвараас хамгаалдаг болохыг хэвийн бүлэгтэй харьцуулан тогтоожээ.

Д аминдэмийн дутагдалтай, уушгины архаг бөглөрөлтөт өвчний оноштой хүмүүст Д аминдэмийг өгч, дутагдлыг арилгахад үндсэн эмчилгээний нөлөө эрс сайжирч байжээ.

Д аминдэмийг уухад 2-3 долоо хоногийн дараа биемахбодид задраад дуусдаг байна.

Д аминдэмийн дуталдалтай хүмүүст өдөр бүр эсвэл долоо хоног бүр Д аминдэмийг өгөх нь нэг удаад өндөр тунгаар ууснаас илүү эмчилгээ, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй болохыг судлаачид зөвлөж байна. Энэ нь аюулгүй бөгөөд гаж нөлөө гарах эрсдлийг бууруулдаг байна.

Гадаад, дотоод чанарын хяналтаар баталгаажсан, алдааны магадлалыг нарийн тооцоолсон судалгаануудын үр дүнд суурилан эрдэмтэд дээрх зөвлөмжийг гаргасан ажээ.

Д аминдэмийг нэг удаад өндөр тунгаар нь хэрэглэх нь үр нөлөөгүй бөгөөд гаж нөлөө гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Д аминдэмийг хэт өндөр тунгаар нь сард нэг удаад хэрэглэх нь Д аминдэмийн идэвхтэй хэлбэрийн үүсэл, задралд нөлөөлдөг ферментийн зохицуулгыг алдагдуулдаг байж болох таамаглалыг судлаачид дэвшүүлээд байна. Энэ нь цаашдаа халдварын үеийн дархлааг сулруулж, Д аминдэмийн үйлчлэлийг бууруулах шалтгаан болж болох юм.

Дээрх судалгааны нэг хэсэг болох “Монгол сурагчдын Д аминдэмийн дутагдлыг нөхсөнөөр амьсгалын замын өвчлөлийг бууруулсан нь” сэдэвт ажлын үр дүнгээс товч танилуулбал, дунд сургуулийн 744 сурагчдыг хамруулан, өдөр бүр 300 IU (ОУН) тун бүхий Д3 аминдэмээр баяжуулсан сүүг хоёр сар уулгажээ.

Судалгааны эхэнд сурагчдын 25(OH)D агууламж дунджаар 7нг/мл байсан бол судалгааны төгсгөлд 19нг/мл хүрч нэмэгдсэн дүн гарч, амьсгалын замын халдварт өртөлт хоёр дахин буурсан байна.

Түүнчлэн сурагчдын идэвх, анхаарал төвлөрөлт, хичээлд хандах хандлага сайжирчээ.

Дэлхий даяар Д аминдэмийн дуталдал нутагшмал байдалтай элбэг тархсан тул хүнсийг Д аминдэмээр баяжуулах нь асуудлыг шийдвэрлэх нэг гарц байж болохыг нийгмийн эрүүл мэндийн судлаачид анхааруулж байна.

 

Эх сурвалж: Martineau AR, Jolliffe DA, Hooper RL, Greenberg L, Aloia JF, Bergman P, Ganmaa D, et al. The BMJ. (2017). 356:i6583 http://dx.doi.org/10.1136/bmj.i6583

Орчуулсан:  Л.Энхсайхан, Г.Ганцэцэг