Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх ӨЛСӨХ аргын нууц

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Автофаг гэх үг нь Грек хэлний “авто” буюу өөрөө өөрийн гэсэн утгатай, харин “фаг” нь идэх гэсэн утгыг агуулдаг ба өөрийгөө идэж, устгах гэсэн утгатай үг юм. Бидний бие дотор явагддаг энэхүү “афтофаг” хэмээх үйл явцыг энгийнээр тайлбарлавал, таны биеийн эд, эс өөрөө үхэжсэн эсвэл хэрэггүй болсон эсийг устгаж, шинэ илүү эрүүл эд, эс бий болгох үйл явцыг хэлдэг байна. Тэгвэл энэхүү үйл явц нь биеийг эрүүл хэвээр байлгаж, илүү урт удаан наслах нууцуудын нэг гэдгийг Японы эрдэмтэн Яшинори Осуми баталж 2016 онд Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ.

Автофагийн тусламжтайгаар хорт хавдар, Паркинсоны өвчин гэх мэт хүнд өвчний үед эсийн түвшинд нь шинжилж, эмчлэхэд чухал нөлөө үзүүлж буйг мөн тэрбээр тогтоожээ.

Бидний дотор буй эд эсүүд нь биеийн дотоод үйл ажиллагаанд саад болдог, хэрэггүй болсон маш их уураг, үхэжсэн эд, эс болон исэлдсэн бөөм гэх мэт зүйлсийг өөртөө хуримтлуулсан байдаг. Энэ нь мэдээж хөгшрөлтийг хурдасгаж, хорт хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэж, сэтгэл мэдрэлд муугаар нөлөөлөх гэх мэт олон өвчлөлийг ар араасаа дагуулдаг байна.

Та бүхэн машин унадаг л байх. Машинаар жишээ авч тайлбарлавал, та машинаа нэлээн хэдэн жил унасны дараа хуучирч, өө сэвтэй болж, үйл ажиллагаа, хурд нь ч мөн удааширч энэ машиныг унахын тулд урьд өмнөөс илүү их зардал гарах болдог. Ийм машинтай та удаан явахыг хүсэхгүй, тэгээд л та машинаа зарж шинэ машин худалдаж авдаг. Харин бидний бие түүн доторх эс үүнтэй яг адил үйл явцыг хийдэг байна.  Таны биен дэх эсүүд хөгширч, ажиллагаагүй болсон эсээ таниж устгахаас өөр аргагүй болдог байна.

Тэгвэл хэрхэн хөгшрөлтийг удаашруулж, хэрэггүй эд эсээ гадагшуулах вэ гэж та бодож байна уу.

 Хэрэв тийм бол энэ бүхний хариулт бол “мацаг” барих юм. Нобелийн шагналтны нотолсноор хүн өлсөж, мацаг барих үед бие дэх муу эсүүдээ устган шинэ эсийг төлжүүлдэг өмнө дурдсан “автофаг” үйл явц идэвхждэг гэв. Мацаг барих үед хүний бие цэвэрлэгдэж, бид бүхний хэлж заншсанаар хороо гадагшуулдаг нь үнэн болж нотлогджээ. Мацаг барих үед эд эс нөхөгдөхөөс гадна мөн судасны хананд бөөгнөрсөн холестерин гадагшилдаг эерэг талтай юм байна.

Мацаг барих гэхээр хүмүүс ус уухаас өөр ямар ч зүйл амандаа оруулахгүй байхыг хэлдэг гэж боддог. Энэ нь ташаа ойлголт бөгөөд мацаг барих нь маш олон төрөл байдаг бөгөөд тухайн хүн өөрийн эрүүл мэндийн онцлогт тохируулан мацаг барих шаардлагатай.

Мэргэжлийн эмч нарын зөвлөмжөөр хүн өөрийн биологийн цагт тохируулан хооллох нь хамгийн зөв зохистой хоололт болдог гэж зөвлөдөг. Ихэнх хүний биеийн биологийн цаг адил байдаг бөгөөд өглөөний 08.00, өдрийн 13.00 болон оройны 19.00 цагуудыг хэлдэг ба эдгээр цагуудад өөрт тохирсон хэт хүнд биш хоол идэх нь зохистой аж. Өглөөний хоолыг шим тэжээл дүүрэн зүйлийг сонгож, өдрийн хоолыг өглөөний хоолноос арай бага харин орой хамгийн хөнгөн эсвэл огт юм идэхгүй байх нь ч гэмгүй юм.