Зураг
Зураг
   
1
2
3
4
5

Д.ГАНМАА: Монгол Улсыг "СҮРЬЕЭГҮЙ" болгоход БИД бүх хүч оюунаа зориулна

Ч.Болортуяа
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Д.ГАНМАА: Монгол Улсыг "СҮРЬЕЭГҮЙ" болгоход БИД бүх хүч оюунаа зориулна
Зураг

iKon.mn сайтын “Өглөөний Хүн” булангийн 2017 оны анхны зочноор Даваасамбуугийн Ганмааг урьж ярилцлаа. 

Д.Ганмаа нь Харвардад багшилдаг цорын ганц Монгол хүн бөгөөд тэрбээр Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор юм.

Тэрбээр 2004 oноос  "Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл" (MHI) хэмээх Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулан ажиллаж байна. 

MHI нь 12 жилийн турш Монголчуудын зонхилох олон өвчний эсрэг Д аминдэмийн судалгаа явуулах бүрт гайхалтай эерэг үр дүнгүүдийг гаргажээ. 

Тус багийнхан энэ жил хэд хэдэн төр, хувийн байгууллагатай хамтран “Сүрьеэгүй Монгол” болно хэмээх томоохон зорилгыг эхлүүлээд байгаа юм. 

"Сүрьеэ надад хамаагүй" гэж та битгий бодоорой. Монголчууд сүрьеэгийн тархалт өндөр байдаг Өмнөд Африктай ойролцоо үзүүлэлт үзүүлээд байна. 

Энэ бүх судалгааны гол үр дүн болоод Д.Ганмаа хэмээх эрхэм хүний тухай товч болтугай түүхийг танд хүргэж байгаадаа баяртай байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Гэрэл зургийг "Blue Moon" Art gallery -д авав. 

НЭГ: 10 ГАРУЙ ЖИЛ МОНГОЛДОО ХАРВАРДЫН СТАНДАРТЫН ДАГУУ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

 

-  Өвлийн хүйтэн, утааны ихтэйд Улаанбаатарыг зорьж ирсэн шалтгаан юу байв?
-  Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Даваасамбуугийн Ганмаа гэдэг, би Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуульд ажилладаг.  

Үндсэн ажлынхаа хажуугаар Харвардын болон Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан багтайгаа Монгол улсдаа 2004 oноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр судалгаанууд хийж "Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл" (MHI) хэмээх Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулсан юм. MHI байгууллагын дотоод, гадаадад төгссөн залуус маань Харвардын судалгаа шинжилгээний стандартад тэнцсэн судалгааны ажлуудын стандартыг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. 

- Харвардын судалгааны стандартыг Монголд нутагшуулна гэдгийг товчхон тайлбарлахгүй юу?
- Тэгье. Бид хийхээр төлөвлөж буй судалгааны ажлынхаа чиг зорилгоо тодорхойлохдоо Монголын хүн амд тулгарч буй эрүүл мэндийн асуудлаас сонголт хийх хэрэгтэй болдог. Гэхдээ сонгосон судалгааны ажил маань дэлхийн анагаах ухааны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь судалгаа хийх санхүүжилтийг босгох гол үндсэн шалгууруудын нэг юм. 

Судалгааны санаа нь бусдын судалгааны ажлын санааг хуулбарласан эсвэл давтагдсан байна уу, судалгааны ажлын үр дүн, ач холбогдол нь тухайн салбарт болон дэлхийн түвшинд нөлөөлөхүйц ач холбогдолтой эсэхийг харгалзан үзэхээс гадна эдгээр судалгааг хэрэгжүүлэх хүчин чадал, судалгаа явуулахад шаардлагатай дэд бүтэц, хамтарсан багийн гишүүдийн чадавх, ажлын туршлага мэдлэг хүрэлцэх эсэх, үүндээ таарсан санхүүжилтийг төсөвлөж амьдралд хэрэгжүүлж болох эсэхийг нягтлан судалгааны ёс зүй, ёс суртахуун, аюулгүй байдал, тухайн судалгааг явуулж буй газар нутгийн улс төрийн болон амьжиргааны тогтвортой байдал зэргийг цогцоор нь авч үзэж судалгааг эхлүүлдэг. 

Мөн судалгаанд хамрагдах оролцогчдын тоог тусгайлан бодож боловсруулсан программын дагуу тооцоолж, дэвшүүлсэн таамгаа үнэн зөв, бодитой, баталгаатай болгох шаардлагыг хангаж судалдаг юм.

Үүний дараа судалгааны талбар дээр мэдээлэл, сорьцоо цуглуулан гадаад дотоодын чанарын шаардлага хангасан өөрсдийн Монгол дахь Глобал лабораторидаа шинжилгээ хийдэг. Манай лабораторийн гаргасан шинжилгээний үр дүн дэлхийн ямар ч хөгжингүй орны стандартыг хангасан байх шаардлагатай учраас бид хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж ажилладаг. 

Тухайлбал цусан дахь Д аминдэмийн хэмжээг тодорхойлохын хувьд манай лаборатори нь олон улсын Д аминдэмийн шинжилгээний гадаад чанарын хяналт болох DEQAS-ийн шаардлагыг хангаж ажиллаж байгаа Монгол дахь цорын ганц лаборатори юм.  

Лаборатори болон бусад судалгааны мэдээллийн үр дүнгээ Харвардын эрдэмтдийн хамтаар боловсруулан, бататгадаг. Зөвхөн үүний дараа л судалгааны ажлын үр дүн эрдмийн ажил болон хэвлэгдэх эрх нээгддэг юм.  

Монголын нөхцөлд ийм нарийн стандарт, процессын дагуу явагддаг судалгааг баг хамт олонтойгoo хичээнгүйлэн хийж байгаа учир цаг улирлын байдал, утаа ихтэй эсэхээс үл шалтгаалан ирч очих шаардлага тулгардаг л даа. 

- Одоогийн байдлаар үндсэн гурван судалгаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэсэн. Тэдгээрээ танилцуулахгүй юу? 
- Одоогоор “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгаа” (2014-2019)- г хийж байна. 

Энэ судалгааны ажил дээр үндэслэн Монгол Улсыг сүрьеэгүй улс болгох ажилд хувь нэмрээ оруулахаар “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөрийг санаачлан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран ажиллаж байна. 

Олон байгууллага дэмжиж байна. Мөн Монгол дахь хөхний хорт хавдрын тохиолдлын мэдээллийг шинэчлэх нь (2015-2017), Монголын хөдөө орон нутгийн болон хотын эмэгтэйчүүдийн манас таталтын урьдал эмгэгийн тархалтын судалгаа (2015-2017), Монгол дахь хоол хүнсний баяжуулалтын бодлогыг дэмжихэд Д аминдэмийн мэдээлэл (2014-2016) “ зэрэг судалгааны ажлуудыг хийж байна.

- 2004 оноос хойш та бүхэн олон судалгаа хийсэн. Энэ бүгдийгээ ч дурдах боломжтой шүү?
- Баярлалаа. 

  • Бид 2004 оноос “Сургуулийн насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд Д аминдэмийн нөлөө”
  • “Монголын сургуулийн насны хүүхдүүдийг Д аминдэмийн дутагдлаас гаргахад Д аминдэмийн бэлдмэлүүд болон баяжуулсан сүүний нөлөөг харьцуулах судалгаа” 
  • “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цусанд Д аминдэм түвшинг тодорхойлох судалгаа” 
  • “Сүрьеэгийн халдвар болон Д аминдэм, кателицидин уургийн судалгаа” 
  • “Амьсгалын замын халдварт өвчлөл болон Д аминдэм” 
  •  “Монголд сүрьеэгийн эсрэг эмчилгээнд Д аминдэмийг хавсарч хэрэглэх нь” 
  • “Монголын нийт хүн амын Д аминдэмийн  дутагдлыг бууруулах Үндэсний хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” 
  • “Нас, хүйс, ажил мэргэжил, газар зүй болон амьдралын хэв маягийн онцлогийг үл хамаарах Д аминдэмийн дутагдлын нийтлэг шинж ” 
  •  “Монгол дахь жирэмсэн болон жирэмсэн бус эмэгтэйчүүдийн судасны үйл ажиллагааг артерийн тонометрээр үнэлсэн судалгаа” судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 
Зураг

ХОЁР: СҮРЬЕЭГ ИДЭВХТЭЙ ХЭЛБЭРТ ШИЛЖИХЭЭС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

- Сүрьеэгийн эсрэг Д аминдэмийн судалгаагааг яагаад хийхээр болов?
- Бидний хийсэн судалгаагаар Монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн гүн дутагдалтай гэдэг үр дүн гарсaн. 2009 онд хийсэн манай судалгаанаас харахад, Д-ээр баяжуулсан сүү ууж байсан хүүхдүүд өвлийн цагт амьсгалын замын халдварт өвчин тусах магадлал 50 хувь буурсан. 

Насанд  хүрсэн хүн өөрөө өдөр болгон витамин ууж болох ч хүүхдүүдэд өдөр болгон витамин тараана гэдэг хүн хүч, нөөц бололцоо асар их шаардсан хүндрэлтэй ажил байсан учраас бид сард нэг удаа өндөр тунтай Д аминдэм хүүхдүүдэд өгөөд дутагдлаас нь гаргаж чадах нь уу гэдгийг давхар харьцуулсан судалгаа хийсэн юм. Д аминдэмийн хагас задралын хугацаа нь дунджаар хоёр долоо хоног байдаг тул хэчнээн өндөр тунтай уулаа ч үүний дараа тэр авсан Д нь задраад алга болчихдог юм байна.  Тэгэхээр бид сард нэг удаа хүүхдэдээ Д өгчихөөд болчихлоо гэж үзэж байвал энэ нь хангалтгүй.  Үүнээс үндэслэн Д аминдэмийг өдөр тутамд шаардагдах физиологийн тунгаар байнга хэрэглэх нь хүн эрүүл байх, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах үндэс нь болдог. 

"Д аминдэмийг өдөр тутамд шаардагдах физиологийн тунгаар байнга хэрэглэх нь хүн эрүүл байх, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах үндэс нь болдог"

Ингээд бид Д аминдэмийн түвшин болон хүүхдийн сүрьеэгийн халдварын хамаарлыг судалж үзэхэд өвчлөлийг бууруулж байсан. 

Үүний дараа бид экзем (Atopic Dermatitis) өвчинд витамин Д хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг судалж үзсэн юм. Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн өвчтэй  2-17 насны хүүхдүүдэд өвлийн улирал 1,000 олон улсын нэгжээр Д аминдэм өгөөд судлахад арьс харшлын өвчний идэвхжлийг бууруулаад байх боломжтой юм байна гэдэг бас сайн үр дүн гарсан. 

Ер нь бидний Д-тэй холбоотой хийсэн судалгаа болгон маань амжилттай явагдаж, судалгааны ач холбогдол бүхий өндөр үр дүнтэй болсонд бид их баяртай байгаа. 

- Арьс харшлын өвчлөл буюу диатез, экзем гэхэд хүүхдүүдэд маш элбэг тохиолддог шүү дээ. Үүнд жишээ нь, Д хэрхэн нөлөөлж байгааг та бүхэн мөн судалсан байна. Гол нь дархлалыг тэнцвэржүүлж байгаа учраас харшил намжиж байна гэсэн үг үү?
- Энгийнээр тайлбарлавал, биед орж ирсэн аливаа гадны зүйлийг таньдаг дархлааны эс нь Д аминдэм дутагдахаар хэвийн ажиллаж чаддаггүй гэсэн үг. Д аминдэмийг авах ёстой хангалттай хэмжээнд нь өгчихөөр дархлалын систем зөв ажиллаж улмаар харшлын улмаас үүсч буй элдэв үрэвслийн явцыг тогтворжуулах эерэг нөлөө өгч байгаа юм. 

- “Сүрьеэгүй Монгол” гэдэг маш том зорилго байна. Яаж үүнийг хийх вэ. Яагаад сүрьеэ гэж?
- Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааны хүрээнд, сүрьеэ өвчинтэй тэмцье,  энэ өвчнийг бүр уг үндсээр нь алга болгоё гэсэн маш том зорилго урган гарсан.
 
Cүрьеэгийн халдвар болон Д аминдэмийн харилцан холбоог судалсан хэд хэдэн судалгааны үр дүн маш их урам авсан хэрэг. Жишээ нь бид сүрьеэгийн халдвартай 400 гаруй өвчтөнг судалгаанд хамруулан сүрьеэгийн эсрэг эмчилгээн дээр нь нэмээд Д аминдэм нэмэлтээр өгсөн юм.  Үр дүнд нь нас баралт буурсан, сүрьеэг эмчилдэг зургаан төрлийн антибиотик өөрөө маш хоруу чанар ихтэй, тэр хоруу чанарыг бaгaсгаж, үрэвслийн явцыг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэх боломж байна гэдэг нь харагдсан. 

Хоёрдугаарт, сүрьеэтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд маш хүнд нөхцөлд өндөр ачаалалтай ажиллаж байна. Тэр хүмүүсээр би үнэхээр их бахархсан. Тэд өөрсдийгөө 100 биш бүр 200 хувь дайчилж бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Тиймээс би энэ тал дээр нэг зүйл хийчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. 

Асуудлын гол нь бид сүрьеэгээр өвчилсөн идэвхтэй шатандаа байгаа хүмүүсийгээ эмчлэх гээд бүх боломжоо дайчлаад ажиллаж байна. 

Гэтэл энэ өвчнөөр өвдөхөөс нь өмнө буюу урьдчилан сэргийлэх тал дээр ажиллаж чадвал бид сүрьеэгээс салж чадна.  Дэлхийн хөгжингүй орнуудын жишгийг харахад сүрьеэ өвчинг далд буюу халдвар тараах боломжгүй байх үед нь оношлон, эмчилж маш сайн үр дүнд хүрч байна. Тийм ч учраас бид Монголд анх удаа IGRA хэмээх дэлхийн алтан стандарт болох сүрьеэгийн оношлогооны техник технологийг Монголдоо оруулж ирэн лабораторидoo шинжилж байна. 

Энэ шинжилгээний давуу тал нь бид нар шиг сүрьеэгийн вакцин толгой дараалан хийлгэчихсэн хүмүүсийн хувьд сүрьеэгийн халдварыг оношлох уламжлалт шинжилгээний арга болох мантуугийн сорилтой харьцуулахад эндүү эерэг гарах магадлал бага, уушгины болон бусад эрхтний сүрьеэгийн халдварыг ялган оношлох мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй, үр дүнтэй арга юм. 

10,000 хүүхдийг хамарсан томоохон судалгааг явуулж байна. 

Дээр дурьдсанчлан IGRA шинжилгээг хийдэг манай лаборатори гадаад, дотоодын хяналтаар орж магадлан итгэмжлэгдсэн тул бусад өндөр хөгжилтэй оронд хийж байгаа шинжилгээ манай шинжилгээ хоёр яг ижилхэн гэсэн үг. 

Энэ шинжилгээний аргыг ашиглан хүүхдүүдтэй ойр ажилладаг хүмүүст сүрьеэгийн далд халдварыг илрүүлэн эмчилгээнд хамруулах шаардлагатай байна. Мөн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын хамгийн их төвлөрөл болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Д аминдэмийг хангалттай хэмжээнд нөхөж өгье. Нөхөж өгснөөр дархлааг нь сайжруулъя. Дархлаа сайжирснаар идэвхтэй, далд хэлбэрийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлье гэдэг судалгааны ажил эхэлсэн. 

Одоо бид 10,000 хүүхдийг хамарсан томоохон судалгааг явуулж байна. 

Урьдчилсан дүнгээр Улаанбаатар хотын 6-13 насны 9,147 сурагчдад  сүрьеэгийн IGRA шинжилгээ хийхэд 10% -д далд хэлбэрийн сүрьеэ оношлогдсон. Үүнээс 156 хүүхэд идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй нь оношлогдон эмчилгээнд хамрагдсан.

Энэ нь  100,000 тутамд 1,479 идэвхтэй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн үг юм. Нэг ёсондоо сүрьеэгийн тархалт өндөр байдаг Өмнөд Африктай ойролцоо үзүүлэлт гарч байгаа нь сүрьеэгийн тархалт ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. 

 

- Өмнө нь илрүүлэлт муу байсан учраас бид асуудлыг мэддэггүй байж. Тийм үү? 
- Яг халдвар тарааж байгаа идэвхтэй сүрьеэтэйгээ бид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Яг үүнтэй ижил байдлаар  далд хэлбэрийн сүрьеэгийн оношлогоо, эмчилгээнд ач холбогдол өгөн эхлүүлэх шаардлагатай байна. 

Бид судалгаандаа сүрьеэгийн халдварын IGRA шинжилгээг үнэ төлбөргүй хийж сүрьеэгийн халдвартай гарсан хүүхдүүдийг дараагийн шатлалын эмчилгээнд хамруулaн ажиллахаас гадна хүүхдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай Д аминдэмийг нэмэлтээр хэрэглүүлэн амьсгалын замын халдварт өвчин, хатгаа, томуу, арьс харшлын өвчин, өсөлт, хөгжлийн бүхий л үзүүлэлтийг нарийвчлан гаргаж судалгаа хийж байна. 

 

Зураг

ГУРАВ: Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ БОЛ НЭГ ҮЗҮҮЛЭЛТ, БИД АМИН ЧУХАЛ БУСАД БИЧИЛ ЭЛЕМЕНТИЙН ДУТАГДАЛД Ч ОРСОН БАЙНА

- Судалгаанаас гарсан үр дүнгүүдийг бодит ажил хэрэг болгох буюу бодлого боловсруулах шатанд ямар өөрчлөлт оруулсан тухайгаа ярихгүй юу?
- Бид бүх судалгааны үр дүнг тухай бүрт нь ЭМЯ, БСШУСЯ-нд тайлагнаж, мэргэжил нэгтнүүдийнхээ дунд хурал семинаруудыг зохион байгуулдаг.  Дээрх судалгааны хүрээнд  гэхэд Монголчуудад, Монгол хүүхдийн дунд хүнс шим тэжээлийн дутагдлыг илрүүлэн, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан судалгааны үндэслэлийг бүрдүүлсэн. 

Хийсэн судалгааны үр дүнг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд хэвлэн нийтлүүлсэн. 

Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн 10,000 гаруй эцэг, эх, дунд сургуулийн багш нарт зориулан сүрьеэ өвчний талаар эрүүл мэндийн сургалтуудыг олон удаа зохион байгуулан ажиллалаа.

- Та бүхний хийсэн Монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтай судалгааны үр дүн маш их дуулиан тарьсан. Тэгвэл үүний учир шалтгааныг мөн судалсан байх. Бид яагаад Д аминдэмийн дутагдалд орчихов?
- Уг нь Монгол өөрөө нарлаг орон. Тэгвэл яагаад бид бүгдээрээ Д-ийн дутагдалд ороод байгааг судалж үзлээ. Өөрөөр хэлбэл, нарнаас ирж байгаа Д-ийн нийлэгжилтийг хэмжиж үзлээ. Үүнийгээ Бостоны лабораторид шинжлүүлсэн. Үр дүн нь Монголчууд, дөрөвдүгээр сараас хойш бороогүй, үүлгүй байгаа тохиолдолд нарнаас Д аминдэмээ авах боломжтой. Гэтэл дөрөв, тавдугаар сар өөрөө хүйтэн улирал. Бүр зургаадугаар сарын сүүлээр хүмүүс биеийн нэлээд хэсгээ ил гаргаж буюу нимгэн хувцаслах боломжтой болдог. Тэгээд дээрээс нь манайхан зундаа нүцгэлэн наранд биеэ шаран амрах боломж нь бага байна. Ингээд эргээд хүйтний улиралтайгаа залгаж зузаан хувцсандаа орж, гадуур гарахаа багасгадаг учир нарнаас Д аминдэмийг хангалттай авч чаддаггүй юм байна. 

Үүнээс гадна Монгол Улсын  газар зүйн байрлалаас хамаарч байна. Хойд өрөгрөгийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргууд шууд биш ташуу байдлаар тусдаг тул Монгол хүмүүсийн арьсан дахь Д аминдэмийн нийлэгжилт хангалтгүй байна. 

Д аминдэмийн хэвийн хэмжээ цусанд багадаа 20 ng/ml байх ёстой. Тэгэхэд Монгол ээжүүдийнх хавар үзэхэд буюу дулаан болчихсон байхад дунджаар 8 ng/ml байна.

Д аминдэмийн судалгаагаа бид нас, насны бүлгээр үргэлжлүүлэн хийсээр байгаа.  Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг хамруулсан судалгааны үр дүнг жишээ нь ярья.  Д аминдэмийн хэвийн хэмжээ цусанд багадаа 20 ng/ml байх ёстой. Тэгэхэд Монгол ээжүүдийнх хавар үзэхэд буюу дулаан болчихсон байхад дунджаар 8 ng/ml байна. Үүний дараа бид жирэмсэн эхчүүдийг хамруулан шинжилгээ хийсэн. Одоогоор мэдээлэл боловсруулах шатандаа явагдаж байна. Үргэлжлүүлээд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн судалгааг хийх гээд бид бэлтгэл ажлаа хийж байна. 
Нөхцөл байдал ийм байгаа учраас үргэлжлүүлээд бид ядаж өдөр тутам хэрэглэж байгаа хоол, хүнснээсээ Д аминдэмээ авч чадаж байна уу гэдгийг мөн судалсан.

Манай орны хувьд бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнснээсээ бие организмд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангах ямар ч боломжгүй байна. 

Зөвхөн Д гэлтгүй бусад шаардлагатай амин чухал бичил тэжээлээ хүнснээсээ авч чадаж байна уу гэдгийг бид үргэлжлүүлэн судалж байна. 

Бид яагаад Д-ийн дутагдалтай гэдгээ мэддэггүй байсны нэг шалтгаан нь Д аминдэмээ өөрсдийн лабораторидаа найдвартай хэмжиж тогтооx  боломжгүй байсантай холбоотой юм. Мөн үүнтэй нэг ижил Д аминдэмээс гадна бусад амин чухал бичил шим тэжээлийн түвшин ямар байгааг судлан тогтоох нь маш чухал байна. 

- Бид хоёрын ярилцлагыг уншаад уншигч хамгийн түрүүнд хурдхан Д витамин уух хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авна гэж найдаж байна. Мөн ууж байгаа хүмүүс нь тэгвэл баталгаатай Д ууж байна уу гэдэг асуулт бас гарч ирэх байх. Яг жирийн уншигчид хэрэг болох хариулт бол бид ямар Д, ямар тунгаар уух ёстой вэ? 
- Хүмүүс Д аминдэмийг хэрэглэхээсээ өмнө заавал шинжилгээ өгөх хэрэгтэйг хэлэх нь зөв. Шинжилгээ өгч байж тунг тохируулна шүү дээ. Гэхдээ шинжлүүлэхдээ заавал гадаад, дотоодын чанарын баталгаат итгэмжлэгдсэн лабораторид үзүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр цусанд Д аминдэмийг үнэн зөв үзэх тийм амар биш. Америкт хүртэл лабораториуд нь янз янзын үр дүн гаргадаг. Тиймээс үнэн зөв үзэж байна уу гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториор магадлан итгэмжлэгддэг. 

Шинжилгээ өгөөд та Д аминдэмийн дутагдалтай гэж гарч ирэх юм бол хамгийн найдвартай буюу олон улсын эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн аминдэмийг авч уух хэрэгтэй. 

Хүмүүс надаас аль эмийн сангаас Д аминдэм авч уух вэ гэж их асуудаг. Миний хувьд тухайн витамин нь ямар арга замаар, ямар хадгалалтын журмаар Монголд орж ирснийг нь мэдэхгүй байгаа учраас тэр, энэ гэж хэлэхэд үнэхээр хэцүү. 

Манай судалгаанд хэрэглэгдэж буй Д аминдэмийн хувьд Харвардын лабораториор хүлээн зөвшөөрөгдсөн  АНУ-ын “Tishcon” корпорацид үйлдвэрлэгдсэн ба бид стандартын хадгалалтын нарийн горимын дагуу онгоцоор тээвэрлэж авчирч хэрэглэдэг. 

Зураг

ДӨРӨВ: МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛНЫ ТҮВШИНГ ГАРГАХАД МЭДЭЭЛЛИЙН САН МАШ ЧУХАЛ

- Хоёр дахь гол судалгаа буюу “Nationwide” төслийн тухай тодруулахгүй юу. Энэ судалгаа ямар шатандаа явна вэ. Мөн урьдчилсан үр дүнгээс танилцуулахгүй юу?
- Монголчууд хоол хүнснээс шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус буюу макро шим тэжээлээ хангалттай авч чадаж байна. Бидний Улаанбаатар хот, зүүн болон баруун бүсийн найман аймагт хийсэн судалгаагаар Монголчууд өдөрт авах илчлэгийн хэмжээгээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд байна. Зарим аймагт дээрх хэмжээ хэт өндөр байна. 

Харин нөгөө талаар бидний биед зайлшгүй шаардлагатай бичил шим тэжээл буюу аминдэм, эрдэс бодисын хэмжээ маш хангалтгүй хэмжээнд байна. Бичил элемент нь хүний биеийн болон оюуны эрүүл амьдрахад шаардлагатай бичил шим тэжээлт бодисууд юм. Үүнд бидний сайн мэддэг Д аминдэм, B-ийн төрлийн аминдэмүүд, иод, эрдэс бодис орно. 

Биднийг гаднаас нь харахад таргалалттай, хоол хүнс нь хангалттай юм шиг харагдаж байгаа ч дотроо бичил тэжээлийн өлсгөлөн эсийн түвшинд явагдаад байна.

 Хот, хөдөөг хамруулан хийсэн хоол хүнсний нарийвчилсан судалгаагаар Монголчууд хоол хүнснээсээ өөрт шаардлагатай Д аминдэмийг авах огт боломжгүй нь нотлогдсон. Хот, хөдөөгийн иргэдийн Д аминдэмийн хэмжээг лабораторидоо шинжилж үзэхэд цусанд байх ёстой хэмжээнээс 2-3 дахин бага, 99 хувь нь буюу бараг толгой дараалан Д аминдэмийн дутагдалтай байна.

Ургийн гаж хөгжлийн гол эрсдэлт хүчин зүйл болох фолийн хүчлийн хэрэглээ хот, хөдөөгийн иргэдэд байх ёстой хэмжээнээс хоёр дахин бага байх жишээтэй


Үүнтэй мөн ижил ургийн гаж хөгжлийн гол эрсдэлт хүчин зүйл болох фолийн хүчлийн хэрэглээ хот, хөдөөгийн иргэдэд байх ёстой хэмжээнээс хоёр дахин бага байх жишээтэй. Энэ мэтчилэн бидний хэрэглэж буй хүнсэнд хүнд зайлшгүй шаардлагатай бичил тэжээлийн хэмжээ тун хангалтгүй байна. Өөрөө хэлбэл бид бичил шим тэжээлийн гүн дутагдалд ороод байна.  

Зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн дутагдал нь Монголын хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг болсныг oлон улсын бие даасан байгууллагуудын судалгаагаар нотолжээ. (Source: Institute for Health Metrics and Evaluation 2013).  

Бид газар зүйн байрлал, цаг агаарын онцлог, хийж байгаа ажил, нас хүйсээсээ хамаараад ямар төрлийн хоол хүнсийг хэрэглэж байгааг судлан тогтоохоор ажиллаж байна. Үүнд бид хоол хүнснээсээ шаардлагатай эрдэс бодис, зайлшгүй шаардлагатай бичил шим тэжээл хангалттай хэмжээнд авч чадаж байна уу гэдгийг үндэсний хэмжээнд судалж тогтоох шаардлагатай байна.  Түүний тулд улсын хэмжээнд хүнсээ өөрсдөө судалж шинжилдэг лабаротаритай болох ёстой. Үүний дараа хэрэглэж буй хүнс тэжээлээсээ аминдэм, бичил шим тэжээлийн зориулалтын лабораторид шинжилж тогтоох шаардлагатай. 

Энэ бүх үр дүнг нэгтгээд эрүүл Монгол хүний мэдээллийн санг бий болгох, ингэснээр Монгол хүний зохистой хоолны түвшинг гаргаж ирэх юм. Одоо хөгжингүй орны зохистой хоолны хэрэглээг хуулан хэрэглэж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд бид ШУТИС-ийн Технологийн Дээд Сургуультай хамтран ажиллаж байна.  

- Таны хувьд бодлого боловсруулагч нартай уулзалдаж энэ судалгаануудаа танилцуулж байгаа гэсэн. Тэгвэл энэ бүх судалгааг бодит бодлого болгох дээр одоо ямар ажил хийгдэж байна вэ?
- Cудлаач хүн ямар нэгэн дуулиан тарилгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй гэж боддог. Яг найдвартай үр дүн гарсны дараа түүнийгээ олон нийтэд мэдээлж тараах ёстой. Харин бидний судалгааны үр дүнг үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид  ажилдаа тусгаж нийт ард иргэдийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлчилгээ, бодлого гарч ирэх ёстой.

  Жишээ нь, Монголчууд Д-ийн гүн дутагдалтай байгааг мэдээлсний дараагаар үйлдвэрлэгчид Д-ээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байна. 

Нэг жишээ дурьдахад MHI байгууллагын хамт олон Харвардын Радклиффийн институт дээр өнгөрсөн оны аравдугаар сарын 1-3-ны хооронд “Хөгжиж буй орнуудад хоол хүнснийг шаардлагатай шимт бичил тэжээлээр баяжуулах нь” сэдэвт олон улсын уулзалт семинарыг санаачлан, санхүүжилт босгон зохион байгуулсан. Тухайн уулзалт семинарт Монгол Улсын их хурлын гишүүн А.Ундраа, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ШУТИС-ийн Технологийн дээд сургуулийн захирал Ж.Туяацэцэг нар болон салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, хүнсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг урьж оролцуулсан. Мөн нөгөө талаас Харвардын болон дэлхийн хоол хүнс, шим тэжээлийн хүнсний баяжуулалтын мэргэжилтэн, эрдэмтэн профессоруудыг урин оролцуулж амжилттай зохин байгуулсан.

 Монголын төлөөлөгчид маань буцаж ирээд хоёрхон сарын хугацаанд маш эрчимтэй ажиллаж, нэлээн хэдэн том уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж Монгол улсад хүнсийг баяжуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсанд баяртай байгаа. 

Зураг

ТАВ: ХОЛЫН ХАРВАРД ХАЯАНД ИРЖ БАЙНА, ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭЭД ЯВАХ НЬ БИДНИЙ ХАРИУЦЛАГА БОЛЖ БАЙНА

- Та Монголд байхдаа анх цэргийн эмч хийж байсан юм билээ. Яагаад цэргийн эмч болов?
- Би арван жилээ 23-р сургуулийг төгссөн. Англи хэлний гайгүй мэдлэгтэй байв.

 Тэр үед англи хэлтэй хүн ховор байлаа. Анагаахт сурч байхад маань Америкаас Монголд цэргийн эмч нар ирэх үед орчуулга хийх шаардлагатай болсон юм. Орчуулга хийгээд эмч нарыг дагаад хөдөө орон нутгаар явж хүмүүсийг их үзсэн. 

Ингээд л сургуулиа төгсөөд цэргийн эмч болъё гэж бодоод цэргийн эмнэлэгт мэдрэлийн их эмчээр ажилласан. 

Цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа Хавай руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд шалгалт өгч тэнцээд Америкт анх хөл тавьж байсан юм. Тэнд очоод анагагаах ухааны хөгжлийг нь биширсэн. Эмнэлэг гэж ийм юм байдаг юм байна. Анагаах ухааны боловсрол гэж үүнийг хэлдэг юм байна гэж л жинхэнэ нүд нээгдсэн.

- Ингээд Японы Засгийн газрын тэтгэлэгт бэлдэж эхэлсэн юм байна. Тийм үү? 
- Аав, ээж хоёр маань хоёулаа хүний их эмч хүмүүс. Ээжтэй маань хамт ажилладаг эмч Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт авч байгаа юм байна. Ганмаа англи хэлтэй юм чинь энэ шалгалтыг өг гэж хэл гээд сонин бариад ирсэн гэсэн. Ингэж хэлсэн хүн нь одоогийн III эмнэлгийн дарга Төмөр эмч юм. Ингээд л би энэ шалгалтанд бэлдсэн. Анагаахын сургуулийн нэг заалаар дүүрэн хүн шалгалт өгч байсан юм. Шалгалт өгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. Япон хүмүүсийн хувьд их чанга хүмүүс ч Монголчуудад их элэгтэй. Миний хувьд их сайхан багштай таарсан. Нийтдээ таван жил Японд амьдарсан даа. Докторын зэргээ ч тэнд хамгаалсан. 

- Таны хувьд сүүний судалгааг Японд докторын зэргээр сурч байхаасаа судалж эхэлсэн юм билээ. Энэ судалгаа Харвардын сонирхлыг татаж та тэнд уригдаж анхны лекцээ уншиж байсан юм билээ. Энэ үеэ дурсахгүй юу?
- Намайг Японд энэ судалгааг хийх явцад Харвардад мөн энэ талын судалгаа хийх сонирхолтой судалгааны баг үүсч байсан юм билээ л дээ. Тухайн үед би Америкт мөн өөр нэг газрын урилгаар лекц унших ёстой байсан юм. Үүнийг маань мэдсэн Харвардын судлаачид Америкт ирэх үедээ манай сургууль дээр ирж мөн лекц уншихгүй юу гэсэн урилга ирүүлсэн юм.

Харвардад уншсан анхны лекц маань бас бяцхан инээдтэй түүхтэй. Доктор Даваасамбуу гэхээр манай одоогийн хамт ажиллаж байгаа хамт олон маань намайг тухайн үед хөгшин, эрэгтэй хүн гэж төсөөлөөд байсан юм билээ. Би лекцээ унших гээд Харвардад оччихсон байхад хүмүүс Др. Даваасамбуу хаана байна аа л гээд надаас асуугаад байсан. Намайг туслах нь гэж ойлгосон юм билээ. Тэгээд удахгүй учраа олоод лекцээ уншсан.

 

- Одоо Харвард дахь ажлаа бидэнд танилцуулахгүй юу?
-  Харвардын Анагаах Ухааны Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулиуд маш том түшиц эмнэлгүүдтэй. Том том кохорт судалгаанууд явуулдаг. 1970-аад оноос эхтэй, нэг судалгааны цар хүрээ гэхэд 170 мянга орчим хүн хамруулсан судалгааны маш том мэдээллийн сан үүсгэсэн байдаг. Үүн дээр нэмээд том лабораториудтай. Эдгээрийг ашиглаж өөрсдийн судалгаагаа явуулах боломжтой байдаг. 

Өөрөөр хэлбэл бид гадаад, дотоод яваад мэдээлэл цуглуулах гээд байх шаардлага байхгүй гэсэн үг. Мэдээллийн маш том дата дэд бүтэц тэнд ажиллаж байна. Бид энэ кохорт судалгаанууд дээр ажилладаг. 

Oлон хүн надаас Монголдоо хэзээ ирж ажиллах вэ гэж их асуудаг юм. Гэтэл Харвардын хамт олон маань намайг  Монгол руу хэтэрхий их сэтгэлээ чиглүүлж байна гэж цаашлуулдаг.

Дээрх судалгаануудынхаа хажуугаар дараагийн судалгааны төслөө бичих, aрга аргачлалаа боловсруулах, багшлах, лекц oрoх, оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдах гэх мэт ажлуудаа хийдэг. 

Oлон хүн надаас Монголдоо хэзээ ирж ажиллах вэ гэж их асуудаг юм. Гэтэл Харвардын хамт олон маань намайг  Монгол руу хэтэрхий их сэтгэлээ чиглүүлж байна гэж цаашлуулдаг. 

- Шинэ он гарч байна. 2017 онд та ямар зорилго тавив?
- Бидний хувьд маш том зорилго бий. Энэ нь 2017 он гэхээсээ нэлээд хэдэн жилийг дамнасан том амбиц бүхий зорилттой. Монгол Улсыг сүрьеэгүй улс болгоход өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллаж хувь нэмрээ оруулна. Монгол улсдаа Монгол хүний эрүүл мэндийн мэдээллийн сантай болж гадна, дотнын эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудад нээлттэй тийм мэдээллийн сантай болох зорилготой. Энэ мэдээллийн сан дээр үндэслэгдэж Монгол хүн бүр өөрөө ямар хоол хүнс хэрэглэх, ямар амин чухал бичил шим тэжээлийг нэмэлтээр хэрэглэг вэ гэдгийг мэдэх, сонгох боломжоор хангах зорилготой.

ШУТИС –ийн Технологийн Дээд Сургуулийн эрдэмтэн судлаачдын хоол тэжээлийн маш их судалгааны мэдээлэл байна. Бид нарт эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгаанууд үр дүнг нь нэгтгэсэн мэдээллийн бааз байна. Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн гэхэд олон жилийн судалгааны баазтай. Тэгэхээр энэ их мэдээллийн санг нэгтгээд, хамтын ажиллагааны хүрээнд хүнсний бүтээгдэхүүнийхээ агууламжид шинжилгээ хийгээд тэр нь хүний биед яаж нөлөөлж байна вэ гэдгээ судалчих боломжтой. Илүү цар хүрээтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 
Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээний гол дэд бүтцээ бий болгоно гэсэн үг. Энэ бүтэц эргээд Эрүүл мэндийн боловсролын бодлогыг боловсруулах үндэс суурь нь болно гэж бодож байна. 

- Гадаадад өндөр боловсрол эзэмшээд тэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг институтэд ажиллаж, амьдарч байгаа олон монгол бий.  Гэхдээ тань шиг Монгол руугаа ийм их “гүйдэлтэй” хүн их ховор болов уу гэж бодох юм. 
-  Гадаадад байгаа Монголчууд Монголоо их санадаг учраас эх орноо яаж хөгжүүлэх вэ гэх мэт Moнгoлоо тойрсон асуудлуудаар гол сэдэв болгон ярилцдаг. Энэ утгаараа би өөрийнхөө хамгийн сайн ойлгодог, мэдэрдэг зүйлээ судлах нь надад  сонирхолтой бөгөөд  энэ боломжийг олгож байгаа ажлын нөхөд, ажиллаж байгаа Харвардын Их Сургуульдаа талархаж явдаг.

2004 оноос Монголдоо их сайхан баг хамт олон бүрдүүлээд ажиллаж байна. Багийн хамт олноороо би маш их бахархдаг. Монгол залуусыг зөв залаад удирдаад явахад дэлхийн түвшний судалгааг хийж чадаж байгааг тэд харуулж байгаа. Тэгэхээр ийм залуусыг бид зоригжуулж, итгэж хариуцлага хүлээлгэж хамтран ажиллах ёстой.

 

Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
Гэрэл зургийг "Blue Moon" Art gallery -д авав. 

ГЛОБАЛ ЛАБОРАТОРИТОЙ ХОЛБОГДОХ:

Холбогдох утасны дугаарууд: 76008600; 99225090; 94707696
Хаяг: ГЛОБАЛ ЛАБОРАТОРИ БЗД, 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын баруун хойд талд Royal plaza, 206  тоот